Хүүхэд насаа мартагсад буюу паркийн төлөөх “дайн”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

1966 онд байгуулагдсан хүүхдийн парк маань өдгөө ихэнх газраа алдаж, эзгүй хашаа болж хувирсан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Тухайн үед паркийн эзэмшилд 35.6 га газар байсан төдийгүй 4.5 тэрбум төгрөгийн үндсэн өртөгтэй, 13 мянган мод буттай, 16 мянган ам метр ногоон байгууламж зүлэгтэй, 30 гаруй тоглоомтой байжээ. 1980-1982 оны үед улсаас 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд 1990-1992 онд Хятадын тоног төхөөрөмжөөр шинэчлэлт хийсэн түүхтэй. Харамсалтай нь, 1996 оноос хойш паркийн газрыг томоохон компаниудад хувьчилж эхэлснээр одоо 26 га газар нь юу ч үгүй хоосон балгас шиг болж, долоон га газарт нь хувийн компаниуд барилга барьсан байдалтай байна. Тухайн үед хүүхдийн паркийг ёстой л “Монголын диснейлэнд болгоно” гэж цээжээ дэлдэж байсан бизнесмэнүүд үлгэрт гардаг бирд шиг загнаж, хаа дуртай газраа хашаа хатган өмчирхөж байгаа. Хөөрхий муу хүүхдийн парк маань хашааных нь буланд шахагдаж, есхөн га газарт тоглоомуудаа чихсэн. Урьд нь бүтэн өдөржин тоглож наадсан ч уйдахааргүй, аялж зугаалсан ч барагдахааргүй уужим мэт санагддаг байсан хүүхдийн паркт өнөөдөр алхах газар ч ховор. Худалч хүнд бараг хаалгаар нь ороод тав алхав уу үгүй юу л нөгөө захад нь хүрчихнэ. Хэдхэн секундээр хэмжигдэх хугацаатай цөөн хэдэн тоглоомных нь үнэ ч тэнгэрт хадчихсан.

Хүүхэд багачууд тоглоомноосоо уйдчихаад хийх юмаа олж ядах энэ газарт нүд хужирлаж, сэтгэл уужрах ганц зүйл нь нуур. Дунд нь байх урт шаттай цамхагийн оройд урьд нь угсаатны зүйн музей байсан юмсан, одоо яасныг бүү мэд. Хажууд нь байрлах асрыг засч тохижуулаад далайн дээрэмчний хөлөг онгоц болгон ресторан нээсэн байна лээ. Өөр үзчихээр зүйл тун ховор тул нуурыг тойрч алхан зургаа татуулаад “Паркт зугаалсан минь” гэх бичил аялалдаа цэг тавихад хүрлээ. Ер нь паркт очсон хүмүүс “Ёстой сайхан зугааллаа. Хүүхдүүд минь шавайгаа ханатал тоглосон шүү” гэж сэтгэл дүүрэн ярихыг сонсоогүй удаж. Ихэвчлэн нуурын дэргэдэх гүүр юмуу хашлаганы хажууд авахуулсан уйтгартай зургуудаар нь тэднийг паркт очиж дээ гэж мэдэхээр болсон цаг. Одоо тэнд нялх хүүхдээ салхилуулах гэж очсон хосууд парктай хаяа залгасан автомашины зогсоол дахь  дуу чимээ, замын түгжрэл, тоос шорооноос залхаад дахин тийш зүглэхээ болиод байгаа. Хүүхдүүд тоглож, хосууд зугаалсан тэр сайхан орчноос юу ч үлдсэнгүй. Тэртээ тэргүй гэрийнхээ гаднах тоглоомын талбайг булаалгасан бяцхан жаалуудад ядаж паркийг нь үлдээчихгүй дээ, энэ эрх мэдэлтнүүд. “Мөнгө улаан, нүд цагаан” гэгчээр ашиг орлогын төлөө улайрч, өөрсдөө үр хүүхэдгүй мэт хүйтэн сэтгэлээр хандаж байгаа чинээлэг эрхмүүдэд ичих нүүр алга бололтой. Аягүйдвэл, тэд өөрсдөө ч гэсэн хүүхэд байхдаа паркаар зугаалж хөөсөн чихэр идээд явж байснаа мартаа биз. Бие биенээсээ өрсөн байж бэл бэнчингээ гайхуулж, багтаж ядсан их мөнгөө юунд үрэхээ ч мэдэхгүй яваа баячууд юугаар дутсан гэж хүүхдийн паркийг булаацалдана вэ. Нүдэнд нь нулимс, сэтгэлд нь гуниг хурсан бяцхан үрсийнхээ хүсэл мөрөөдлийг үгүй хийж, насан туршид нь хадгалагдах нандин дурсамжийг булааж авснаа тэд ер нь мэддэг юм болов уу даа.  

Хүүхдийн паркийн орлогч захирлаар 21 жил ажилласан Д.Бавуудорж гуай ч энэ талаар тодорхой зүйлийг саяхны нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байна лээ. “Тухайн үед хөгшин залуугүй гар бие оролцож, энэ газрыг улсаас нэг ч төгрөг заралгүй босгосон. Тоглоом тоног төхөөрөмжийг нь Зөвлөлтийн Комсомолын байгууллага, Германы чөлөөт залуучуудын эвлэлийн туслалцаатайгаар авчирч байлаа. Гэтэл одоо энэ газарт баячуудын мөнгө олох эх үүсвэр болсон барилга байгууламж барьж байгаа нь үнэхээр гутамшигтай. Хотын төвд болохоор хүмүүс их шунадаг юм шиг байна билээ. Паркийн эзэмшил газрыг хувьчилж эхлэхэд компаниуд хотын удирдлагуудтай тохиролцож, аман шийдвэрээр газар авсан байдаг. Харин ямар ч зөвшөөрөлгүйгээр дайрч орсон анхны газар нь яах аргагүй “Мон уран” компани. “Мон уран”-ы Б.Наранхүү паркийн 1.2 га газарт 1998 онд хашаа хатгасан. Тэгэхдээ хүүхдүүдэд зориулж усан сан байгуулна гэж хуураад булааж авсан юм. Одоо харин УИХ-ын гишүүн болоод газрын зөвшөөрлийг нь өөрийн болгосон байж мэднэ. Ер нь бол Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 76 хувийг “Бодь”, үлдсэнийг нь нийслэл эзэмшдэг гэх юм билээ. Албан ёсны гэрээ хэлцэл хийсэн эсэхийг мэдэхгүй л юм. Тэгээд паркийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг устгачихаад, яаж эргүүлэн төлөх, хоорондоо ямар гэрээ хэлэлцэл хийсэн эсэх нь хэнд ч мэдэгдэхгүй өнгөрсөн” хэмээн ярьсан тэрбээр өдгөө  “Паркаа аваръя” хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа юм билээ.

Тийм ээ, хүүхэд насыг тойрч өнгөрөөгүй л бол энэ тухай хэн бүхэн бодох ёстой. Магадгүй эрх мэдэл, хөрөнгө чинээтэй эрхмүүдэд инээдтэй санагдаж байж мэднэ. Тив дамнан аялж, тэр болгонд олдоод байдаггүй ховорхон газруудаар зугаалж чадах юм чинь “ядарсан жаалууд”-ын тоглоомын талбай тэдэнд харин ч нэг хамаагүй биз. Тэгвэл үр хүүхдээ тив алгасан эрхлүүлж, хүүхдийн паркаар хэзээ ч шагайхгүй гэж бодож байгаа бол энд амьдраад хэрэг байна уу гэж тэднээс асуумаар санагдлаа. Жилдээ ганц тохиодог баярынхаа өдрөөр бөгс эргэх ч зайгүй шахам хавчигдсан өнөөх муу парктаа чихэлдэж, уйлаан майлаан болж яваа нялх үрсийнхээ өмнөөс “тэнгэрт залагдсан” та нарыг хөөх эцэг эхчүүд олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөөрөө ялгарах дуртай эрхмүүдээс илүү эх орныхоо хойч ирээдүйн төлөө зүтгэж яваа ард түмний хүч чухал юм шүү.  

Р.Есүй


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yoko(86.49.103.220) 2025 оны 03 сарын 13

hooe yamar ch muu muuhai ug bicheegui bna yu gej ug uguulber ustgaad bnaa kommunistuudaa

1  |  0
yoko(86.49.103.220) 2025 оны 03 сарын 13

estoi zuv asuud** hunduj bichsen bna mungund shunasan ter etgeeduud uursdiinhuu ur huuhdiig gadaad avaachij togluuldag biz.Naranhuu busad ni gazaraa ugvul bi ugie geed bsan ingeed duugarah zorigtoi hun busad dotor ni bnuu.Ta nar mng-n hurungiig idej uuj duuslaa odoo yadaj ny**h ursee bodood ene gazariig butsaagaad ugchihuuch ta nar ingelee geed mungu chin dundrahgui harin ch buyan bolj ajil uils chin ulam delgereh blgui dee.

2  |  0
Top