Бүс нутгийн их хуралдай говь нутгаас эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

Говийн бүсийн их хуралдайд УИХ ын дэд дарга Л.Цог, МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамба нар хүрэлцэн ирсэн юм. “Шударга ёсны аян 2013” говийн бүсийн их хуралдайг Өмнөговьд товлон хуралдуулж байгаа нь учиртай. Баягалийн баялаг, нутаг орны хөгжил, уул уурхай, түүнийг дагасан хөндөх асуудал олонтой энэ аймагт Говийн бүсийн их хуралдайг товлон хуралдуулж байгааг иргэд олзуурхуун хүлээн авч байлаа. Тэр тусмаа салбарын сайд нар ийнхүү хамтдаа ирсэн нь тулгамдаад байгаа асуудлыг газар дээр нь хөндөн ярилцаж шийдвэрлэх арга замуудыг нээж гаргана гэдэгт итгэлтэй байсан. УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, МАХН-ын ЕНБД Г.Шийлэгдамба нарыг Өмнөговь аймгийн Тамгын газрын дарга Б.Түвшинжарга, Засаг даргын орлогч Р.Сэддорж, Д.Нацагдорж болон Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрын удирдлагууд хүлээн авч өнгөрсөн онд хийсэн ажил байдлынхаа тайланг тавьсан юм. Өмнөговьчууд өнгөрсөн онд мал сүргээ 0.4 сая болгон өсгөж 17 мянган төл авч 100 хувь бойжуулж байгаа ажээ. Мөн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгээрээ 78 хувьтай, үүнээс 11 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна. Гэх мэтчилэн хөгжил цэцэглэлт, мал сүргээрээ бусад аймгуудаас дээгүүрт орж байгааг сайд, дарга нарт танилцуулсан юм. Хэдийгээр ололт, амжилт арвинтай байгаа ч хүн амын өвчлөл, уул уурхайн салбар, газар нутаг, Оюутолгойг тойрсон асуудлууд гээд тулгамдсан сэдэв олон байгааг мөн дурьдлаа. Харин сайд нар Өмнөговь аймагт тулгамдаад байгаа гол асуудлуудыг бичгээр хүлээн авахаа хэлсэн. Шадар сайд Д.Тэрбишдагва “Бид орон нутагт очиж тулгамдсан асуудлуудыг сонсоод, хураагаад өнгөрмөөргүй байна. Тиймээс та бүхэн бидэнтэй хамтран шийдвэрлэх асуудлаа бичгээр өгч, харин бид шийдэх арга замыг олох шаардлагатай байна” хэмээн ярьсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top