“Circus Mongolia Khadgaa” компанийн захирал, алиалагч Ч.Хатанбаатар дэлхийн олон оронд эх орноо төлөөлөн очиж, циркийн урлагаа сурталчилж явсан адтай эр. Янз бүрийн чимэглэлтэй малгай цуглуулдаг тэрбээр сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудын цирк судлах хоббитой болоод байгаа. Ингэх нь ч аргагүй. Богд хааны хатан Дондогдуламын номын өргөө буюу 1890-ээд оны үед суурь нь тавигдсан хуучны барилгад тус циркийнхэн байрлаж байгаа билээ. Түүх соёлын дурсгалт газруудын нэгд зүй ёсоор тооцогддог эл барилгыг 1940-өөд онд циркийн зориулалтаар ашиглахаар болж тулгуур, бэхэлгээ, багана суурилуулсан гэдэг.

Дондогдулам хатны номын өргөөнөөс эхтэй циркийн урлагийн хөгжил, алдартнуудын хөлс зүтгэл шингэсэн энэ газартаа Ч.Хатанбаатар ч их хайртай аж. Гагцхүү хуучирч муудан, борооны дусалд цохиулсан барилгын чанарыг сайжруулан, сэргээн засварлахыг ихэд хүсч явдгаа тэрбээр үргэлж шахам хэлдэг байсан. Эл байранд арав гаруй жил байрлаж байгаа тус циркийнхэн дээр саяхан Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл зочилжээ. Монголын циркчдийн нэгдсэн холбооны хүсэлтээр ийнхүү зочилсон эрхэм сайд түүхийн дурсгалт газрын өнгө төрхийг алдагдуулахгүйгээр шинэчлэн засварлаж өгөхөө амласан аж. Мөн улсын цирк барьж байгуулахаа ч хэлсэн нь олон улсын тэмцээн, уралдаанд оролцохын тулд ЕБС-ийн биеийн тамирын зааланд бэлтгэл сургуулилтаа хийдэг циркчдийн магнайг тэнийлгэсэн явдал болжээ.
Р.Есүй


Сэтгэгдэл ( 0 )