Амьд хөгжмийн гайхамшгийг этгээд дуугаараа цогцлоож, рок попын тайзнаа арван жил амьдарсан “Булсара” хамтлаг төрсөн өдрөө тэмдэглэсэн. Анх гарч ирснээ бодвол харьцангуй томоожсон альтернатив дуучид маань нэг хэсэг чимээгүй явсан ч, фэнүүдтэйгээ нижгэр тоглолтоор гэнэт уулзахаар шийдсэн гэдэг. Төмөр тоноглол, өнгө өнгийн үсээр гангарсан тус хамтлагийг Ж.Тамираа гэх даруухан залуу ахалдаг. ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн боловч тэрбээр үсээ ургуулан, амьд хөгжмийн тоглолтоос салдаггүй хэвээрээ байж. Эцэг эх нь түүнд мэргэжлээрээ ажиллахыг зөвлөж, аргадаж зэмлээд ч тусыг эс олсон юм байх.
Эцэст нь зөрүүд хүүгийн хүслээр бүх зүйл эргэж, Ж.Тамираа ч гитараа мөрлөж аваад альтернатив дуучид руугаа гүйж одсон гэдэг. Тэрбээр хамтлагтаа нэр өгөх гэж нэлээд зүдэрсэн бөгөөд хоёр зүйлийг билэгдэж сонгосон нь “Булсара” байж. Эхнийх нь дэлхийд алдаршсан "Queen" хамтлагийн дуучин Фрейд Меркурийн эцэг эхээс нь өгсөн нэр болох Фарух Булсара. Хоёр дахь утга нь гэвэл, их эрдэмтэн доктор Бямбын Ринчен гуайн мэндэлсэн газрын нэр буюу Булсарай гэнэ. Энэхүү газрын нэр манай улсын газрын зураг дээр байхгүй бөгөөд эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан их хүмүүнд хүндэтгэл үзүүлж ийм нэр сонгосон гэжээ. Гэхдээ тус хамтлагийнхан нэрний тухай асуусан зарим хүнд тоглоом болгож "Бүх уйтгар лалар санагдахад амтат рашаан асгарна" гэж тайлбарладаг гэнэ лээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )