Оросын Их театрын ерөнхий балетмейстер, уран сайхны удирдаач Сергей Филиний нүүр, нүд лүү хүчлээр шүршиж гэмтээсэн дуулиант хэрэг гарсаар яг 2 сарын нүүр үзэж байна.
Харамсалтай нь энэ жигшим хэргийг түүнтэй мөр зэрэгцэн тайзан дээр хөлсөө дуслуулан амжилт бүтээлээ хуваалцаж явсан мэргэжил нэгт “журмын андууд “ захиалан гүйцэтгүүлжээ.
Москва хотын Их театрын гоцлол бүжигчин Павел Дмитриченко уг хэргийг захиалагч болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээж эхлээд байгаа билээ.
Албан тушаалын төлөөх тэмцэл,ажил хэргийн байх л ёстой халуун маргаан ийм их өшөө хорсолд хүргэлээ гэхэд итгэмээргүй.
Уг хэргийг Юрий Заруцкий гэгч гардан гүйцэтгэсэн байна.Мөн хэргийн газарт тэдэнтэй Андрей Липатов хамт байсан гэдэг.
Гэхдээ арчаагүй “Герострат” Павел Дмитриченко “Би хашраах захиалга өгсөн ч арай ингэж хатуудуулана гэж бодоогүй юм” гэсэн нь “уснаас хуурай гарах” ядмаг тайлбар л даа.
Үлгэрлэвээс нэг онигоонд ч билүү “Би зүгээр л буудчих гэснээс ямар маркийн зэвсгээр бүр хороочих гэж зааварчилаагүй юм аа” гэдэг шиг.
Үлгэр дуусах яагаа ч үгүй дөнгөж зах сэжүүр нь эхлэж байна.
Сергей Филин гэмтэл авсаныхаа дараа анхны мэдүүлэгтээ хамгийн түрүүнд Николай Цискаридзег сэжиглэжээ.
“Известие” сонинд бичсэнээр Цискаридзе Сергей Филинийг ил тод заналхийлж “шантааж”-лахыг оролдсон байдаг.
Оросын Их театрын ерөнхий балетмейстерийн өгүүлж байгаагаар Цискаридзе нэгэнтээ Сергей Филин Анжелина Воронцовад уран хамт олны бүтээлч чадварт шүүмжлэлтэй хандсан болон зарим шинэ томилгооны саналаа солилцож байсан ярианы бичлэгүүдийг нь үзүүлэн сүрдүүлэхийг завдаж байжээ...
Сергей Филин мөн мэдүүлэгтээ гоцлол бүжигчин Павел Дмитриченко, балетийн салбарын эрхлэгч Руслан Пронин нарыг сэжиглэж байгаагаа ярьсан байдаг.Тэд үй зайгүй найзууд ажээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн 1 сарын 17 –ны өдөр түүнээс оройг хэнтэй хэрхэн өнгөрөөх талаар асуусан цорын ганц хүн нь Пронин юм.
Мөн энэ орой Пронины Дмитриченко руу Филинийнтэй холбоотой мэдээлэл өгсөн 2 дуудлага тэмдэглэгджээ.
Сергей Филин Цискаридзег буруутгаснаар Их театрын хэрэг улам ноцтой болж байна.Дэлхийд алдраа цуурайтуулсан Москвагийн Их театрт ямар гээч муу ёрын гинжин холбоо тогтчихов оо.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )