“Терминатор” киноны гол дүрээр алдартай Арнольд Алойс Шварценеггер \Arnold Alois Schwarzenegger \1947 оны 7 сарын 30-нд Австрийн Грац ,Штири хотын ойролцоо Таль тосгонд төржээ.Тэрээр зөвхөн жүжигчин төдийгүй Австри-Америкийн нэртэй бодибилдингч , улс төрч бизнесмен нэгэн билээ.
Арнольд 15 настайгаасаа хүчний бэлтгэл шургуу хийж бодибилдингээр тууштай хичээлэж эхэлжээ. Тэрээр 22-тойдоо бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн” Ертөнцийн мистер” болж энэ эрхэм хүндтэй цолоо 7 удаа хамгаалсан төдийгүй “Олимпийн мистер “тэмцээнд тэргүүлэн алдар гавьяагаа дуурсган явжээ.
Шварценеггер бодибилдингийн спортоос зодог тайлснаасаа хойш ч бялдаржуулах урлагийн нэрийн хуудас болж ирсэн бөгөөд олон ном, сурах бичиг бичиж хэвлүүлсэн байдаг.
Их спортоо орхисоны дараа Шварценеггер Холивудид жүжигчин болох гараагаа эхлэн “Терминатор” цуврал кинонууд болон “Конан-Варвар”зэрэг киноныхоо дүрээр алдаршин кино урлагийн эрхэм дээд шагналуудыг ч хүртсэн юм.
Мөн тэрээр 2003 онд, албан тушаалаасаа эгүүлэн татагдсан Калифорни муж улсын амбан захирагч Грэй Дэвисийн орыг залган сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшин ялалт байгуулан, Калифорни муж улсын 38 дахь захирагч болсон бөгөөд 2006 онд дахин сонгогдсноор 2011 оны нэг сарын 3 хүртэл өндөр хариуцлагатай энэ албыг хашиж иржээ.
Багадаа эцгийнхээ зөвлөснөөр хөл бөмбөгт шимтэн байсан Арнольд хүү гэнэт кино дэлгэцнээс танил болсон Рег Парк,Стив Ривз,Жонни Вайсмюллер нар шиг алдартай тамирчин болохыг мөрөөддөг байлаа.
Арнольд 1965 онд 18 настайдаа Австрийн армид 1 жил цэргийн алба хаахдаа танкийн механик-жолоочийн мэргэжил эзэмшжээ.
Чухам энд л тэрээр жинхэнэ эр зоригийн хатуужил суусан гэж хожим бахдан дурсах дуртай байжээ.
Чехословакийн хилийн ойролцоо 6 долоо хоногийн хээрийн сургуулийн үеэр өдөрт 15 цаг тасралтгүй танк жолоодоно.Түлш дуусвал гар насосоор цэнэгэлэнэ.Хэд хэдэн бочка түлшээ өдөржин нааш цааш өнхрүүлээд өргөж тавих энүүхэнд.Нуувчинд хоноглох өдөр ч цөөнгүй байлаа.
Цаг наргүй ажиллаж байсан ч “Амьдралд алдар гавьяаны зай хэзээ ч олдог “ гэдэг шиг бэлтгэл сургууль хийх зав гаргаж чадаад л байлаа.
Угсардаг штанг,туйвангаа танкиндаа хадгалаад өглөө 5 цагт эртлэн босоод \цэргүүд 6 цагт босно \ нэгэн нөхрийн хамт хүчний дасгал цаг орчим хийж амждаг байлаа.Орой ч бас тэд бэлтгэлээ базаасаар хамгийн сүүлд унтдаг байжээ.
Цас,бороо орж байсан ч сургуулилтаа таслахгүй “Жинхэнэ тамирчин хүн ямар ч нөхцөлд бэлэн байх ёстой” гэж өөрийгөө зоригжуулдаг байжээ.
Гэвч тэрээр дандаа үлгэр жишээч цэрэг байсангүй.Танкаа онхолдуулан хөглөж явсан удаатай гэнэ.
Шварценеггер 1966 онд цэргээс халагдаад Мюнхенд шилжин ирж Фитнесклубт ажилд оржээ. Ядуу тарчиг байсан энэ үедээ байр хөлслөх ч мөнгөгүй олон хоногийг бэлтгэлийн өрөөндөө өнгөрөөжээ.Түүний амьдралын хамгийн бүтэлгүй энэ өдрүүдэд байнга зодолдож нүдэлдэх, торгууль сануулга тасрахгүй хөвөрсөөр байлаа.
Энэ жилдээ тэрээр Лондонд болсон” Ертөнцийн мистер” тэмцээнд анх удаа оролцон АНУ-ын Шет Йортоны дараа орж байсан бол ердөө жилийн дараа тэргүүн шагналын эзэн болсон байна.
1968 оны 9 сард Арнольд 21 настайдаа анх Америкт хөл тавьжээ. Англи хэл тааруухан мэддэг маш бохир дуудлагатай ярьдаг байсан нь түүнд чамгүй хүндрэл учруулдаг байжээ.
Тэрээр Калифорнийн “Gold’s Gym” клубт Жо Вейдерийн удирдлаганд шаргуу хичээллэсээр 1970 онд 23 настайдаа “Олимпийн мистер “ тэмцээнд түрүүлжээ.
Арнольд Шварценеггер АНУ-д 10 гаруй жил хууль бусаар цагаачлан амьдарсаны эцэст 1983 онд тус улсын иргэн болсон байна.Гэвч тэрээр Австри улсын иргэншлээ хадгалан үлдсэн юм.
Шварценеггер ” Ертөнцийн мистер”цол хүртэх үедээ 188 см өндөртэй,цээжний тойрог 145 см, бэлхүүс 79 ,гарын булчин нь 54 см байжээ.
Тэрээр 1980 оноос их спортоо бүр мөсөн орхисон юм. Шварценеггерийн хүндэтгэн үлгэрлэдэг хүмүүсийн нэг нь Оросын алдарт Юрий Власов байсан бөгөөд тэд 1960,1988 онуудад уулзалдан халуун дотно сэтгэгдлээ хуваалцаж байжээ.
Тэрээр өөрийн шүтэн биширдэг Рив Парк, Стив Ривз нарын адил дэлгэцэнд мөнхөрөхийг хүсэж байсан ч дэндүү анзаарагдам Герман дуудлага ,хэтэрхий овойсон булчин нь киноны урлагт амжилт гаргахад саад болж байсан юм.
Гэвч “Махчин” киноны найруулагч Жон Мак Тернан түүний ер бусын жүжиглэх авьяасыг гярхай олж харсан байна.20-30 удаа давтан сургуулилах хүндхэн дублийг тэр ердөө 3-4 удаа хийгээд л өөрийн болгодог байжээ.
Шургуу хөдөлмөрлөн жингээ багасган, Англи хэлний дуудлагаа сайжруулсанаар “Геркулес Нью-Йоркт” анхны кинондоо тогложээ.Түүний анхны амжилт нь хэнд ч анзаарагдамгүй даруухан өнгөрсөн ч “Терминатор” цуврал кинонууд болон “Конан-Варвар”т тоглосоных нь дараа нэр хүнд нь суга өсжээ.
2003 онд түний бүтээсэн“Терминатор-3” кино нь 30 сая долларын ашиг олж кино урлагийн салбарт нэгэн шинэ дээд амжилт тогтоожээ.
“ Төмөр Арни” кино урлагийн шүүмжлэгч,судлаачдын зөвлөснөөр дэлгэцэн дээр ердөө 5-6 үг бүтэн киноны турш хэлдэг ажээ.
Тэрээр хошин комедийн төрлөөр бүтээсэн “Ихрүүд” кинонд амжилттай тоглосоноор цуврал“Терминатор” –ууд нь ч өөрийгөө элэглэсэн хошин аястай болж иржээ.
Шварценеггер ”Ертөнцийн төгсөл “,”Зургаа дахь өдөр “,”Хохиролыг барагдуулсан нь “ кинонд тоглосоны дараа удтал хүлээлгэсэн “Терминатор-3.Машин босгосон нь” кинонд 56 настайдаа тоглоод улс төрийн сонгуульт ажлаасаа шалтгаалан их урлагаасаа нэг хэсэг хөндийрсөн юм.
Түүний хэсэг хугацааны дараа дахин кино урлагтаа хөл тавьсан кино бол “Баригдашгүй-2” кино юм.Мөн тэрээр хүүхэлдэйн киноны цуврал олон ангит “Губернатор “ кинонд дуу оруулж амжжээ.
Өнгөрсөн онд Арни Сильвестр Сталлоннегийн хамт “Булш”киноны гол дүрийг бүтээсэний зэрэгцээ саяхан зураг авалт нь дууссан “Арав” кинонд хар тамхины мафийн эсрэг тэмцэгч цагдаагийн дүрийг амжилттай бүтээгээд байна.
Энэ онд түүний гол дүрд нь тоглосон “Баатар эргэж ирсэн нь”кино удахгүй дэлгэцэнд гарах юм.
Гучин насандаа саятануудын эгнээнд багтах болсон Арнольд Шварценеггер шуудангийн илгээмжийн бизнес эрхлэдэг төдийгүй барилгын “Pumping Bricks” компанийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг ажээ.Түүний санхүүгийн гол амжилтыг нь” Oak Productions” компани бүрдүүлдэг бөгөөд комикс,видео тоглоомын худалдаагаар нэрд гарсан компани юм. 2007 оны байдлаар Шварценеггерийн санхүүгийн актив 200 сая доллароор хэмжигдэж байсан юм.
Арнольд Шварценеггер 1969 онд Англи хэлний багш Барбара Аутланд Бейкертэй танилцан 1974 он хүртэл холбоотой байжээ. Барбарагиийн ”Австрийн царсны сүүдэрт” номондоо Арнольдтай хийсэн бүтэн 3 цагийн ярилцлага багтсан байдаг.
1975 онд Шварценеггер наран шарлагын газарт үсчин Сью Морэйтэй танилцсан ч 1977 оноос АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн хамаатан Мария Шрайвертай байнга уулзах болжээ.1978 онд тэрээр Сью Морэйтэй харьцаагаа цэглэж Марияг бүр мөсөн сонгожээ.
Вэнди Лейгийн “ Арнольд Шварценеггерийн албан ёсны бус намтар”-т”Шаргал үст Соня” кинонд хамтран тоглож байсан Бригитта Нильсентэй жиг ургуулаад авсан ч Мария Шрайвертай хэдийнэ гэрэлчихсэн байсан тул тэдний дурлалын түүх тэгсхийгээд намжжээ.Удалгүй Бригитта Нильсен түүний уран бү тээлийн мөнхийн өрсөлдөгч Сильвестр Сталлоннегийн эхнэр болжээ.
Шварценеггер, Шрайвер нар 1986 оны 4 сарын 26-нд Массачусетс муж улсын Хутагт Франциск Ксаверигийн сүмд хуримлажээ.
Тэд Кэтрин,Кристина,Патрик,Кристофер нэртэй 4 хүүхдийн аав,ээж болжээ.
Арнольд Шварценеггер 2011 оны 5 сард Калифорни муж улсын амбан захирагчийн албанаас их урлагтаа эргэж ирсэнийхнээ дараахан мөнгөн хуримаа хийснээс ердөө 2 долоо хоногийн дараа Мария Шрайвераас салсанаа албан ёсоор зарласан юм.
Мөн 10 жилийн өмнө тэдний гэрийн үйлчлэх ажилтан хүүхдийгнь төрүүлсэн болохыг ч пал хийтэл дуулгажээ.
Шварценеггер 1983 онд АНУ-ын иргэн болсон өдрөө сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй бүтэн өдөржин Америкийн төрийн далбааг мандуулан алхсан гэдэг.
Тэрээр 1992 онд хамгийн анхны “Хаммер” жийпээ 45 000 долларооор худалдан авч байсан бол 1997 онд “Гольфстрим” нэртэй хувийн онгоцоо 38 сая доллароор худалдан авчээ.
Хэдийгээр Арнольд нэг биш удаа дүрэм зөрчин авто замын ослын улмаас мэс заслын ширээний ард хэдэнтээ хэвтэж байсан ч хувийн жолоочийгг хүлээн зөвшөөрдөггүй “Жолоо барина гэдэг чинь эр хүний хэнээр ч цагдуулахгүй хийх ёстой ажил” гэдэгт хатуу байр суурьтай байдаг нэгэн.
Сонирхолтой жишээ дурдахад Калифоний амбан захирагч АНУ-д жолооны үнэмлэхгүй байсан нь тогтоогдсон бөгөөд \ а-1,а ангилал \ Австрийн жолооны үнэмлэхээ солилуулах бодол түүнд энэ олон жилийн дотор төрөөгүй нь эргэлзээтэй.
Ийнхүү Арнольд Шварценеггер 10 гаруй жил зөвшөөрдөгөөр нь мотоциклтэй нөхөрлөжээ.Мөн л тэрээр осол цалгараасаа болж 2001,2006 онуудад “хоёр дугуйтай эрхэм”-ээс онхолдон эмнэлэгт хүргэгдэж байжээ.
Хөнгөн хөлтэй “Хэрлей Дэвидсон” мотоцикл нь тэнцвэр муутай санагдсан уу,нэгэн цагт танкчин байснаа дурсав уу Шварценеггер Австрийн засгийн газраас 1,4 сая доллароор “М-47” маркийн танк худалдан авч АНУ руу ачуулжээ.
Огай мужийн Колумбс хотын музейд “түр байрлуулсан “ танкаа алдарт жүжигчин нэгэн “тааламжтай үе”-дээ гэрийнхээ ойролцоо суурилуулжээ. Гэхдээ бахдалтай нэг мэдээ дуулгахад өөрөө жолоодож зүрхлээгүй гэдэг.
Л.Мөнхбат
Сэтгэгдэл ( 1 )
***n medeelel bichsend bayarl**aa