Авлигыг тарьсан намын удирдагч авлигын эсрэг...

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

 Хятадын Коммунист намын XYIII Их хурлын шийдвэрээр Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон   Ши Жинпинийг  БНХАУ-ын даргаар сонгох шийдвэр  Бүх Хятадын Ардын Төлөөлөгчийн Хурлын 12 дугаар чуулганаас гарлаа. Түүнд одоо жинхэнэ эрх мэдэл ирлээ. Хятад улсын Засгийн эрх 5 дахь үеийн шинэ удирдагчийн гарт ирж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Мэдээж энэ нь БНХАУ-ын үе үеийн удирдагчдын баримтлаж ирсэн бодлогын залгамжийг алдахгүй авч явах хүн гэсэн тодотголыг дагуулж буй юм. Гэхдээ түүнд шинээр харж хийх зүйл олон бий. Тиймээс ч эдийн засгийн даяаршил ноёрхсон шинэ зуунд Хятад гүрнийг удирдах хариуцлагатай  эрх мэдлийг хүлээн авч буй тэрээр  эдийн засгийн өсөлтөө тэтгэхдээ иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, баян хоосны ялгууг боломжит түвшинд аваачихын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн хөгжлийг чангаагч авлига хээл хахуулийг  үлдэн хөөх талаар үгээ хэлж байгаа юм.

Ши Жинпин  85 сая үндсэн гишүүнийхээ дээрээс нэмээд 80-100 сая бэлтгэл гишүүдтэй Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох хүртлээ битүү морь шиг яваагүй. Барууны хэвлэлүүдээр түүний тухай Хятадын удирдагчийн суудалд суух хүн гэсэн таамаглал багагүй хугацаанд бичигдсэний дараа тэр гарч ирсэн. Тэрчлэн түүнийг Хятад гүрнийг арван жил удирдахдаа ямар өөрчлөлтүүдийг дагуулах бол гэсэн хүлээлт зүй ёсоор бий болоод байгаа.

Мөн анхаарал татсан асуудал нь  авлига хээл хахуулийн “сүлжээ”-г агуулж байж мэдэх Коммунист намд ямар өөрчлөлт орох бол гэсэн асуудал юм. Тус улсын хамгийн баян мянган хүний 900 нь Коммунист намын гишүүд болоод  төрийн албан тушаалтнууд гэдгийг “Хурун” сэтгүүлээс гаргасан баячуудын жагсаалт баталгаажуулдаг гэдгийг өмнө нь дуулгаж байсан. Ерөөс  Бээжин эрх мэдлээ алдахгүйн тулд эдийн засгийн гол салбаруудыг хяналтандаа барьж байдаг гэх барууныхны дүгнэлтийн тод илэрхийлэл нь Коммунист намын атганд орсон Хятадын эдийн засаг гэж харахад хол зөрөхгүй мэт бөгөөд нөгөө талаас нь харвал эрх ямба түүнийг дагасан авлигын асуудал энд томоор яригдаж болох юм.

Ямартай  ч төв засгийн харьяалалтай 150, орон нутгийн засгийн харьяалалтай 120,000 төрийн өмчит компани  тус улсын нийт баялгийн дийлэнхийг хянаж буй. Төв Засгийн 150 компани нь  улсын нийт хөдөлшгүй активын 2/3-ыг эзэмшдэг. Тэдгээр компаниуд Хятад улсын аж ахуйн нэгжүүдийн нийт орлогын тал хувийг бүрдүүлдэг. Мөн нөгөө талд төрийн удирдлагатай зах зээлд орон зайгаа эзэлсэн сая сая компани бий. Гэхдээ авлигын цар хүрээ тус улсын улстөр, бизнесийн түвшинд хүчтэй яригдаж байгаа юм.

 Ер нь бол Ши Жинпин даргын яриад байгаа авлигын эсрэг тэмцэл нь Коммунист намын дотоод руу чиглэсэн тэмцэл өрнүүлэхийг ч шаардаж болзошгүй. Тэрбум хол давсан хүндээ бус цөөнх тийш чиглэсэн удирдлагын тогтолцоог бүтээсэн тус нам арванхоёр жилийн өмнөөс бизнесмэнүүдийг эгнээндээ элсэхийг өөгшүүлэн дэмжсээр ирсэн. Ингэснээр дотоодын хувийн компаниудаа зах зээлээс шахаж, өрсөлдөх чадварыг нь унагах суурь сайтар бүрэлдсэний нөгөө талд авлига цэцэглэх хөрс ч бас гайгүй сайн бүрэлдсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.20.175) 2025 оны 03 сарын 13

dundad uls 2025 onoos zadarch ehelne

1  |  0
Top