Москва хотын Их театрын бүжгийн урлагийн уран сайхны удирдагч нэрт бүжигчин Сергей Филиний нүүр, нүд рүү санаатай хүчлээр шүршиж гэмтээсэн гэмт этгээдүүдийг илрүүлсэн талаар Москва хотын ДХЯ-ны төв удирдах газраас мэдээлжээ.
Мөрдөн байцаалтын явцад бүжигчин Павел Дмитриченко уг хэргийг захиалагч болох нь тогтоогджээ.
Уг хэргийг Юрий Заруцкий гардан гүйцэтгэсэн байна.Мөн хэргийн газарт тэдэнтэй Андрей Липатов хамт байсан ажээ.
Гэмт этгээдүүд хэргээ хүлээж эхэлсэн талаар Москва хотын ДХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна.
Тус хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Заруцкий, Липатов нар нь Москва орчмын Ступин тосгонд Их театрын хоршооллын байшинд амьдардаг юм.байна.
Хүчлээр хорлонтойгоор Сергей Филиний нүүр лүү шүрших даалгавар өгсөн захиалагч Дмитриченко өөрөө түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан мэргэжил нэгтэй бүжигчин юм.
Их театрын гоцлол бүжигчин Павел Дмитриченко 2002 онд Москвагийн хөгжим бүжгийн академийг дүүргэсэн байна.
Тэрээр тайзан дээр “Догшин Иван”, ”Спартак”,”Хунт нуур” балетуудын гол дүрд тоглож байжээ.
Түүнийг бэлтгэл сургуулийн үеэр нь гэнэдүүлэн барьсан ажээ.
Павел Дмитриченко энэ сарын 16 –нд “Хунт нуур”-ын хорон санаатны дүрд тоглох байсан ч театрын уран сайхны зөвлөл бүжигчинг даруй орлуулан томилсон байна.
Сергей Филиний хувьд Склифосовийн нэрэмжит эмнэлэгт хэд хэдэн туслах мэс засал хийгдсэний дараа ХБНГУ-д үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа юм.
Одоогоор түүний оронд Москва хотын Их театрын бүжгийн урлагийн уран сайхны удирдагчаар Галина Степаненко ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )