"Circus Mongolia Khadgaa" компанийн акробатын жүжигчин, илбэчин М.Дашдэндэв могойгоор наадах дуртай нэгэн. Хүйтэн цустай ч хүнээс дутахааргүй авьяаслаг могойны Монгол нэр нь Хайрхан бол, гадаад нэр нь Пайтон. 2006 онд Африкаас авчирсан энэхүү аварга могой одоо найман настай бөгөөд М.Дашдэндэвтэй хамт гадаад дотоодоор аялж, нэлээд хэдэн тоглолтод оролцжээ. Тэгвэл тус могойг М.Дашдэндэвээс гадна "Circus Mongolia Khadgaa" компанийн агаарын гимнастикийн жүжигчин Ц.Өсөхжаргал тоглуулах болжээ. Тэрбээр мөн “Харти” фитнес клубын иогийн багшаар ажилладаг бөгөөд Монголд ганц байгаа аварга могойг сургаж тоглуулах болсондоо ихэд урамтай яваа аж.
Сүүтэй усанд орж, долоо хоногт дөрвөн туулай залгидаг “Хайрхан” могой ч хоёр эзнийхээ хайр халамжинд бөмбөрч, яг л хүүхэд шиг нь эрхэлдэг гэсэн. Дургүй нь хүрвэл цагираглаад хэвтчихдэг аварга могой уурласан үедээ хазаж орхидог юм байх. Угаасаа лусын амьтан гэдэг утгаараа ихэд хүндлэгддэг “Хайрхан” ийн муухай аашлахад эзэд нь ер тоодоггүй гэнэ лээ. Дашрамд дуулгахад, өдгөө найман нас хүрсэн “Хайрхан”-даа эхнэр авч өгөхөөр төлөвлөсөн циркчид тун удахгүй аварга эм могой оруулж ирнэ гэсэн шүү.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )