Хаширдаггүй найруулагчийн хариу юу байв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

“Big” энтертайнмент студийн найруулагч З.Батболд гэхээр л уншигчид маань андахгүй мэднэ. “Боолын гэрээ”, “Аз жаргал the Bad Boy”, Гоёлын даашинз”, “Бурхан өршөөг” киног найруулан үзэгчдийн танил болсон тэрбээр тун ч хөдөлмөрч нэгэн. “Боолын гэрээ” кино нь дэлгэцэнд гарсны дараахан улстөрчдийн зүгээс ирсэн дарамт шахалттай учирч, жүжигчин Х.Хүрэлхүүтэй хамт хэсэг залууст хаширтлаа зодуулсан гэгддэг тэрбээр шаралхуу зандаа хөтлөгдөн дахин нэг “айхтар” кино хийгээд авсан. УИХ-ын сонгуулийн өмнөхөн дэлгэцнээ гарсан “Бурхан өршөөг” кинонд нь улстөрчдийн луйвар, гэмт үйлдлийн тухай өгүүлсэн болохоор тэр дорхноо л шуугиан дэгдээсэн хэрэг. Кино театруудад түүний бүтээлийг хориглож, дэлгэцнээ гаргахгүй байх арга хэмжээ авсан тул З.Батболд аргагүй эрхэнд DVD болгож олонд хүргэжээ. Үүгээр ч зогсохгүй, хаширдаггүй найруулагч хариугаа жинтэйхэн авахаар зэхэж яваа гэнэ. Өөрийг нь өдөж, хор шарыг нь малтаж буй баячуудыг тодорхой дүрээр гаргаж ирэхээр төлөвлөсөн тэрбээр шинэ кинондоо ихээхэн найдлага тавьж яваа ч  найз нөхөд нь түүний өмнөөс битүүхэндээ түгшиж буй гэсэн. Харин мань эр энэ удаад цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, уран бүтээлтэй нь холбоотой элдэв асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхээр тохиролцсон учраас ийн зоригтой алхаж яваа юм байна.

Р.Есүй  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top