“Хоёр ертөнцийн буудал”-д дахин саатъя

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг болох Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжгээр “ТВ-Коктейл” хамтлагийнхан хэн болохоо харуулсан. Улмаар тайзны анхны бүтээлээрээ энэ жилийн “Гэгээн Муза” наадамд нэр дэвшсэн юм. Тус наадмын шилдэг эрэгтэй болон эмэгтэй гол дүр, шилдэг найруулагч, хөгжмийн зохиолч зэрэг нийт зургаан номинацид нэр дэвшсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг энэ сарын 22-нд УДЭТ-ын тайзнаа тавигдах нь. Үзэгчдийг гайхашруулж, бодолд автуулсан хоёр ертөнцийн зааг, хүмүүний амьдралын өнгө төрхийг тун сонирхолтойгоор харуулж чадсан эл бүтээл онцлог ихтэй юм билээ. Хэний ч мэдэхгүй, бас төсөөлөхөөс ч зүрхшээм тэр нэгэн ертөнцөөр түмэн янзын хүн зорчиж, үхэл амьдралын тухай үнэнийг олж мэдэхийн цагт хэрхэн бясалгаж байгааг энд тод харуулжээ.

ТВ-Коктейл” хамтлагийнхан тайзны анхны бүтээлээрээ сэтгэхүйн эмгэнэлт драмыг сонгосон нь өнөө цагт ус, агаар мэт хэрэгцээтэй байсан тэр л орон зайг нөхөж, үзэгч олны оюун цангааг тайлсан хэмээн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн продюссерээр Ш.Жавхлан, Э.Цолмонбаяр нар ажилласан бол, Соёлын тэргүүний ажилтан Ж.Сэнгэдорж найруулсан аж. Гол дүрүүдэд нь Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Батхуяг, Б.Навчаа, жүжигчин Л.Эрдэнэ-Очир, А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш, Д.Энхбаяр нар тоглосон юм.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top