Эрхэм генерал, oфицер, ахлагч, түрүүч, сонсогч, байлдагчид аа, Бэлтгэлд болон чөлөөнд байгаа офицерууд, ахмад дайчид аа!
Монгол Улсын маань сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон Та бүхэндээ цэргийн баярын чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эх орноо хамгаалах ариун үйл хэрэгт ганц олдох амьдралынхаа гал дөл бадарсан залуу нас, эрч хүч, эрдэм боловсролоо харамгүй зориулсан Зэвсэгт хүчний ахмадууддаа гүн талархал илэрхийлье.
Цэрэг хүн Монгол эх орноо зүрх шигээ тээж, зүрхнээсээ илүү хайрлаж, хамгаалж явдаг билээ. Тиймээс монголын ард түмний үе үеийн цэрэг эрс эх орон, ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийн төлөө цусаа асгаруулж, хөлсөө дуслуулж, алтан амиа золиослон хийж ирсэн тэмцлийн үр дүнд Монголчууд гал голомтоо манаж, туурга тусгаар улсаа хамгаалан үлдэж чадсан юм.
Монгол цэрэг хэзээ ямагт төрийн сүлд, ард түмнээ дээдлэн хүндлэж, тэдний хүлээлгэсэн итгэл найдварыг биелүүлэхийн төлөө урьдын адил үнэнч шударгаар зүтгэн, эх орноо хамгаалах хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж байгаа бөгөөд цаашид ч энэ эрхэм нэр төрөө нандигнан хадгалж, өнөөгийн залуучуудын хүсэл мөрөөдлийн бодит илэрхийлэл, цэрэг эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга хүмүүжлийн том сургууль, хүн ардынхаа өмөг түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн баталгаа байж чадна гэдэгт гүн итгэлтэй байна.
Монгол цэргийн сүлд хийморь, суу алдар үүрд мөнх мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, МОНГОЛ АРДЫН НАМЫН ХЯНАЛТЫН ТАНХИМЫН БАТЛАН ХАМГААЛАХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР
