Царайлаг, нуруулаг бүсгүйчүүд загварын тайзнаа гунхаж, өмссөн гоёл хийгээд өнгө зүсээ гайхуулах нь үнэхээр бахадмаар. Энэ ч утгаараа мисс, загвар өмсөгчдийн талаархи мэдээлэл, зураг хөрөг ч олны анхаарлыг эрхгүй татдаг биз ээ. Сонин, сэтгүүлийн нүүрэнд заларсан сайхан зураг, ухаалаг ярианаас илүүтэй тэдний нууц хоч нь юу болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл тэдний хөгжилтэй агаад нууцлаг нэрийг нь сонирхоод үзвэл ямар вэ.

Г.Уранцэцэгийн шинэхэн хоч нь “Кран”
Гадаадын томоохон агентлагт загвар өмсч байсан туршлага нь “Гоёл-2010” наадмын топ модель өргөмжлөлийг төвөггүйхэн авчирсан гэж ярьдаг Г.Уранцэцэгт олон хоч бий. Загварынхан дундаа л хамгийн урт хөлтэй гэгддэг түүнийг урагш түрсэн эрүүгээр нь нэг хэсэг “Эрүү Урнаа” хэмээн хочилж байсан. Харин өдгөө Солонгосын томоохон эмнэлгийн сурталчилгааг хийж, гоо сайхны мэс заслаар нүүр царайгаа өөрчилсөн топ бүсгүйг “Эрүү” хэмээн хочлох нь зохимжгүй. Түүний шинэхэн хоч нь “Кран” болсон бөгөөд урт хөлийг нь онцолсон загварын бүсгүйчүүд ийн нэрийдсэн гэдгээ ч нуусангүй.

Мисс Х.Бадамгэрэлийн ургийн овог “Өндрийнхөн”
“Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, мисс Х.Бадамгэрэл ийн нууцаа дэлгэжээ. “Миний ургийн овог “Өндрийнхөн”. Манай аавын талынхан их өндөр хүмүүс байхад ээжийн талынхан чацтай улс. Манай дүү нар ч гэсэн бүгд өндөр. Тиймээс ийм болж төрсөндөө эцэг эх, хувь заяандаа баярлаж явдаг юм. Бага байхад таарах хувцас олдохгүй их хэцүү. Цамцны ханцуй, өмдний шуумаг заавал богинодоно. Ээж бид хоёр оёдлыг нь тавьж уртасгах юмуу эсвэл манжетик залгаж оёдог байлаа. Одоо бол гайгүй болчихсон шүү дээ” хэмээн тэрбээр хөгжилдсөн. Хамгийн гайхалтай нь, мисс бүсгүй “Хэрвээ би намхан нуруутай байсан бол ямар харагдах вэ” гэж хэзээ ч бодож байгаагүй гэсэн шүү.

Гоолиг бүсгүйн өхөөрдөм хоёр “цол”
“Гоёл-2011” наадмын топ модель, мисс Э.Сэлэнгэ багадаа хоёр ч хочтой байсан гэдэг. Энэ тухайгаа тэрбээр “Бага ангид байхад намайг “Тэмээ” ч гэх юмуу “Оцон шувуу” гээд их л олон янзаар хочилдог байж билээ. Харин зургадугаар ангид ороод загварын дамжаанд суралцсан чинь хүүхдүүд намайг “Мисс ээ, мисс ээ” гэж ирээд ичтэл дууддаг болсон. Тэр чинь хөөргөж байгаа юм шиг хэрнээ цаагуураа “хөөрхөн” шоглоод байгаа ухаантай. Загварын дамжаанд суралцаж эхэлснээс хойш ангийнхантайгаа тийм айхтар дотно байхаа больсон. Ер нь, их биеэ даасан охин байсан л даа. Тиймээс надад нэг их хоч зүүлгээгүй дээ. Хэрэв хоч өгвөл айхтар ширүүн харна шүү дээ” гэж сонирхуулсан юм.

Үеийнхнээсээ ялгарсан даруухан “Тогоруу”
“Mongolian beauty-2012” наадмын тэргүүн байрын эзэн, “Шилмэл загвар” компанийн гэрээт загвар өмсөгч Б.Дулмаа энэ хочоороо бусдад гайхуулсан ч бараг болохоор байгаа биз. “Радуга” дунд сургуулийн арваннэгдүгээр ангид сурдаг тэрбээр үеийнхээ охидоос нэлээд өндөрт тооцогддог гэсэн. Сурагчийн ширээнээс холдож амжаагүй байхдаа л миссийн титэм зүүж, загварын тайзнаа алхсан Б.Дулмаа өөрийнхөө хочноос огт ичдэггүй аж. “Ер нь загварын охид маань янз бүрийн хоч авчихсан байдаг юм билээ. Заримыг нь анааш гэж байхад, нөгөө хэсгийг нь тэмээ гэж хочилж байх жишээтэй. Харин надад ичиж зовоод байхаар хоч өгөөгүй байгаа биз дээ” хэмээн өөдөөс асуугаад авна лээ.

“Шар” нэрнээсээ салж амжаагүй топ
“Гоёл-2012” наадмын топ модель Ч.Ундрах загварынхан дундаа нэлээд өвөрмөц төрхтэй гэгддэг. Европжуу царай, өндөр нуруу, урт хөл гээд түүнийг чимэх олон зүйл байдаг ч, даруу зангаар бахархах дуртай модель маань өөрийгөө эрлийз биш хэмээн илэрхийлсэн. Багагүй хугацаанд загварын тайзнаа алхсан түүнд айхтар хоч гэхээр юм бараг байхгүй гэх. Тиймдээ ч загварынхан түүнийг нэр нэгтэй залуу моделиудаас ялгахын тулд царай төрхөөр нь онцолж “Шар Ундрах” гэж нэрлэсэн ажээ. Энэ хочиндоо хэдийнэ дасал болсон топ бүсгүйг ажлынх нь газрын дарга нар хүртэл “Шар Уугий” гэж дууддаг гэнэ лээ.

Сахилгагүй жаалын бэлэг “Бүлтүүш” байжээ
“Тусгай салаа” киноны Анужин, “Ялагдашгүй” киноны Аслисийн дүрээр олонд танигдсан мисс, фото модель Э.Амаржаргал багадаа “Бүлтүүш” гэдэг хочтой байжээ. Олон улсын миссийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан авьяаслаг бүсгүй маань энэ тухайгаа “Бага байхад янз бүрээр л дуудуулна шүү дээ. Гэхдээ нэг их айхтар хоч зүүсэн юм алга. Гурав билүү, дөрөвдүгээр ангид байхад юмдаг. Ангийн маань нэг сахилгагүй хүү намайг “Бүлтүүш” гэж дуудаж байсныг мартдаггүй. Тэрнээс өөр хоч огт сонсоогүй шүү, би” хэмээн ярьсан удаатай.

“Азийн хатан хаан”-ы нууцалсан хөөрхөн чихт “Чебурашка”
“Miss world-2007” тэмцээний “Miss bikini” төрлөөр топ 20-д багтаж, “Miss Tourism Queen International-2007” тэмцээнээс “Азийн хатан хаан” өргөмжлөл хүртсэн загвар өмсөгч Г.Оюунгэрэл бага зэрэг дэлдэн чихтэй гэдгийг мэдэх хүн цөөнгүй. Харин багадаа “Чебурашка” хочтой байсан тухайгаа ярих дургүй ч, тэрбээр мессенжер хаягаа хүүхэд багачуудын хайртай дэлдэн чихт хүүхэлдэйн баатрын зургаар чимээд “Энэ миний хоч” гэж бичсэнээр нууц нь задарчээ. “Манай аав хүнд их хоч өгдөг хүн байсан юм. Надад бараг хорь, гучин хоч бий. Гэрийнхэн маань бүгдээрээ хочтой. Бүр хамаатнууд маань хүртэл бүгдээрээ хочтой” гэж ярьсан мисс бүсгүй “Чебурашка” хочиндоо илүү хайртай юм билээ.

“Дори” байхад хоч хэрэггүй ээ
"Мисс Монголиа-2012" наадмын тэргүүн мисс Д.Долгион өөрийгөө ямар нэгэн хоч авах шаардлагагүй өссөн гэж дүгнэжээ. Гадаадад олон жил амьдарч, асрагч эхийнхээ хайр халамжинд умбаж өссөнөө дурсах дуртай түүнийг ойр дотныхон нь Дори гэж дууддаг гэнэ. "New face" тэмцээнд түрүүлж, "Moda Art" тэмцээний шилдэг 15-д багтан, "TV-Miss" тэмцээний үндэсний ялагч болж байсан Д.Долгион охид залуусыг бие биеэ элдвээр хочлон дуудахын оронд өөрт нь тохирсон аятайхан нэр оноосон нь дээр гэж үздэгээ ч нуусангүй. Гэхдээ мисс бүсгүйн Дори гэх нэр нь цаанаа их утга учир агуулсан гэдэг юм билээ.

Титмийн цуглуулгатай “Үлэмж биетэн”
“Miss Mongolia-2011” тэмцээний эзэн И.Төгсөө богинохон хугацаанд титмийн цуглуулгатай болсон адтай бүсгүй. “Үнсгэлжин” тэмцээний тэргүүн байр, “Монголжингоо-2007” тэмцээний “Шилдэг загвар өмсөгч”, “BBQ miss-2007” тэмцээний дэд байр, “Miss Friendship International-2009” тэмцээний нэгдүгээр байр, “Манжуурын мисс-2009” тэмцээний тэргүүн байр, “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд-2010” тэмцээний тэргүүн байр, “Miss International-2011” тэмцээний гуравдугаар байр, “Төв Азийн мисс-2012” тэмцээний шилдэг 14 оролцогчийн нэг гээд л түүнд бараг аваагүй шагнал байхгүй биз. “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцохыг мөрөөддөг И.Төгсөө багадаа “Үлэмж биетэн” гэх содон хочтой байсан гэвэл та итгэх үү. Ангийнхан дундаа л хамгийн өндөр нуруутайд тооцогддог байсан тэрбээр загварын тайз, миссийн тэмцээнд гологдоогүй ч багынхаа хүсэл мөрөөдлийг орхиход хүрчээ. Учир нь, онгоцны үйлчлэгч болох туйлын сонирхолтой явсан И.Төгсөө 1,80 см болтлоо өссөн учир “Хэтэрхий өндөр байна” гэсэн шалтгаанаар шалгалтанд тэнцээгүй гэдэг.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )