“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Пүрэвмаа жил гаруйн өмнөхөн хөлчүү нэгний балгаар дөрвөн давхрын тагтнаас унаж нуруу болон аарцагны ясаа хүнд гэмтээжээ. Дизайнеруудын хайртай сахиусан тэнгэр гэгддэг түүний хоёр хөл олон удаагийн хагалгааны улмаас урт богино болсон гэдэг. ГССҮТ-д хүргэж өгсөн хүмүүс өвчний түүхийг нь “Амиа хорлох гэж үсэрсэн” хэмээн нээлгэсэн байдаг бөгөөд өдгөө тэргэнцэр дээр суусан модель бүсгүй нэрээ цэвэрлэхийг хүсдэг гэсэн. “Хөл дээрээ босох найдваргүй” гэсэн эмч нарын үгэнд гутарч хэвтэхийн оронд тэр хүсэл мөрөөдлөөрөө дахин жигүүрлэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” ТББ-ын ажилтан болжээ.

Гоо үзэсгэлэн, авьяас билэг, мэдлэг боловсролоороо үлгэр дуурайлал болон жигүүрлэж яваа ирээдүйтэй загвар өмсөгчийг ийм байдалд хүргэсэн буруутан нь зөвхөн нэг удаагийн хагалгааны зардлыг төлчихөөд алга болжээ. Сэтгэлийн хат, зориг тэвчээрийн хүчээр дахин хөл дээрээ босох итгэл дүүрэн байгаа А.Пүрэвмаа “Энэ хэрэг одоо болтол шийдэгдээгүй. Би мөнгө төгрөг, хагалгааны төлбөр нэхээгүй. Тэр хүмүүс надаас болон өндөр настай ээжээс минь уучлалт гуйж, нэрийг маань цэвэрлэж өгөөсэй гэж хүсч байна” хэмээжээ. Амьдралд бууж өгөөгүй, үргэлж урагш тэмүүлсээр ирсэн загвар өмсөгч бүсгүйд урам хайрлаж, эрүүл саруул болохыг хүссэн олон хүн түүний фэйсбүүк хуудсанд зочилсон байна лээ. Бүсгүй ч боломж гарвал Солонгост эмчлүүлж, амьдралаа эргүүлэн олж авахаар шаргуу зүтгэж байгаа гэсэн шүү.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 3 )
нахня
***
Hi nz mini zorigtoi setgelee changa bailgaaraai chi chadnaa uragshaa