Их эзэн Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг эхлүүлсэн гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголын дуучдыг нэгтгэсэн томоохон хэмжээний тоглолтоо өнгөрөгч баасан, бямба гарагт хийлээ. “UB palace”-ын концертын их танхимд болсон энэхүү тоглолт нь сонирхох зүйл ихтэй, үзэгчдийн халуун дулаан уур амьсгалаар дүүрэн өрнөсөн юм. “Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан ч цуглан нийлэх цаг үе ирсэн байна. Тиймээс энэ төсөл нь Хамаг Монгол туургатнаараа галаа бадраах зорилготой” хэмээн ярьсан дуучин С.Жавхлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан 108 эхэд тоглолтынхоо тасалбараар бэлэг барьсан олон хүнийг баярлуулжээ. Гоёлын дээлээ өмсч, чимэг зүүлтээрээ гангарсан настан буурлууд үзэгчдийн суудалд тухалсан энэ үдэш хайртай эхнэр, ээж, дүү нараа баярлуулахаар ирсэн залуус ч цөөнгүй харагдсан. Эзэн Чингисийн хөшөөг хоймортоо залсан тайзны хоёр талд том дэлгэц байрлуулан, оролцож буй уран бүтээлчдын нэрс болон дүрсийг тус бүр харуулахаар зохион байгуулсан аж. Товлосон цагаасаа бага зэрэг хоцорсон энэ үдшийн оршил нь их эзэн Чингис хааны үеэс улбаатай хамаг Монголчуудын түүхийн өгүүлэмж байлаа. Сэтгэл догдлон хүлээсэн тоглолтын салхийг С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг “Чингисийн хоёр загал” уртын дуугаар хагалсан бөгөөд “Хоёр охиноо төрүүлээд ямар ч уран бүтээл хийгээгүй. Харин ханийнхаа хийж бүтээхээр шийдсэн энэ сайхан үйлсэд хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна” гээд үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа харуулсан. МҮОНТ-ийн чадварлаг хөтлөгчид болох Н.Агааноров, Ө.Гэрлээ нар энэхүү тоглолтыг чимсэн нь дуучин залуугийн хувьд зөв сонголт болжээ.

ОХУ-ын Халимаг улсын дуучин, жангарч Дима Шараев, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучид үзэгчидтэйгээ цуг дуулж хуурдсан энэ үдэш Монголоо гэх омогшил хэн бүхний зүрхэнд бадарсан нь лавтай. “Ижий минь, ижий минь”, “Тоонот нутаг”, “Ээждээ”, “Дангина”, “Нартын замаар явмаар байна”, “Нутаг”, “Би Монгол хүн” зэрэг дуунуудыг бид эртнээс мэдэх билээ. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголын дуучид их эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлэн мэхийж “Хамаг Монголчууд бид хэдийгээр хэл, соёл өөр болсон ч хэний үр сад гэдгээ мартаж болохгүй” хэмээн хоолой зангируулан дуулж байсан нь үзэгч олныг өөрийн эрхгүй уярааж, нулимс унагахад хүргэсэн. Үндэсний хувцсаараа гоёж ирсэн ээж, эгч дүүс, нутаг нэгтнүүд нь тэднийг цэцгийн баглаа, чин сэтгэлийн үгсээр тайтгаруулж ийнхүү нэгэн нэрийн дор нэгдэх цаг ойрхон байгааг сануулж байлаа. Үүнтэй зэрэгцээд гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан тэртээх 1945 оны үед Сибирийн хахир хүйтэн цөллөгт явж буй Халимагуудын зовлон шаналал, зорьсон газартаа хүрч амжилгүй тэнгэрт хальсан балчир үрс, өвгөд хөгшид, охид эмэгтэйчүүд, идэр залуусынхаа өмнөөс сэтгэлийн зул өргөн нэгэн дууг зориулсан нь нууцхан гунигаар харуусч суусан үзэгчдэд нэгийг бодогдуулсан нь лав биз ээ. Тэрбээр үүний дараа эхийн тухай болон нутаг ус, амьдрал, хайр энэрэлийн сэдэвтэй хит дуунуудаасаа ч сонирхуулж амжсан. “Төрлүд минь” дууг дуулах үед тэнд байсан хүмүүс хамтдаа дуулсан бөгөөд эхчүүд төрснөөс дутуугүй хайртай хүүгээ үнсч, хадаг өгөхөөр яарцгаасан. Хажууханд минь суусан Буриад эх “Хүү минь нутгаасаа утасдаад хамаг Монголынхоо дуучдыг сонсмоор байна гэсэн. Би дөнгөж сая түүн рүү залгаж, тоглолтын уур амьсгалыг мэдрүүллээ” хэмээн хоолой зангируулж байсан нь үнэхээр сэтгэл уярмаар санагдаж билээ. Хаа холоос ч гэсэн хамаг Монголчуудынхаа төлөө зүрх нь цохилж яваа хүн олон байдаг нь энэ бүхнээс харахад тодорхой байгаа биз ээ. Тиймдээ ч, энэхүү тоглолтод оролцож байгаа уран бүтээлчид маань ээж аав, эгч дүүсийн хамт ирснээ дуулгасан болов уу.
Ийнхүү дуу хуур, уярал ухаарал, хайр энэрэлийг нэгэн дор цогцлоосон “Хамаг Монгол” тоглолтын тайзнаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Болдбаатар ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуштай хамт “Дөрвөн тал” дууг сонирхолтой хэлбэрээр дуулж олныг баясгасан юм. Улмаар эзэн Чингис хааны үеэс улбаатай “Түмний гал тахих” ёслолоо эрхэм уран бүтээлчид маань хамтдаа үйлдэж, Монгол цустай хэн бүхний омогшлыг төрүүлсэн “Хамаг Монгол” дуугаа дуулснаар энэ үдшийн тоглолт өндөрлөсөн юм. Тийм ээ, энэ бол хамаг Монголчууд нэгдсэн хамгийн сайхан үдэш байлаа. Зөвхөн дуу хуураар холбогдох бус нэгэн цагт дэлхийн талыг донсолгож явсан их эзэн Чингисийн үр сад, хөх толботой Монгол хүн гэдгээрээ бахархан хамтдаа байхыг уриалж чадсан нь хамгийн том ололт байлаа.
Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан цаашид “Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоор аялж гал бадраах ёслол хийхээр төлөвлөсөн гэнэ. Харин тэд төслийнхөө хаалтыг Монголд хийх бөгөөд эрт үеэс улбаатай үндэсний зан заншил, өв соёлыг хамтдаа сэргээхээр зорьж байгаа гэнэ лээ.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 1 )