Төрийн албаны зөвлөлөөс Удирдлагын Академитай хамтран "Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Канадын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч асан, олон улсын зөвлөх, хатагтай Мариа Баррадос оролцож, “Канадын улс төрөөс хараат бус Нийтийн албаны комисс” илтгэл хэлэлцүүлэв.
Удирдлагын Академийн Төрийн алба удирдлагын сургуулийн Сургалтын албаны дарга Д.Байгал “Төрийн албаны мерит тогтолцоо”, багш Э.Ариунаа “Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийн хэрэгжилтийн явцын үнэлгээ”, Төрийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор Н.Болд “Монгол Улсын яам, агентлагуудын чиг үүргийн шинжилгээний чиглэлээр хийсэн судалгааны үр дүн” зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.
Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, судлаач Б.Батхүү нар оролцлоо. Оролцогчид төрийн албан хаагчдыг чадавхижуулах, урт богино хугацааны сургалтад хамруулах, үнэлэн дүгнэх, энэ нь албан тушаал ахих, төрийн албанд тогтвор суурьшилтай, удаан хугацаанд ажиллах нэг гол шалгуур байх гэсэн санал дэвшүүлж, төрийн албыг мерит тогтолцоонд шилжүүлэх өргөн хүрээтэй арга хэмжээг дэс дараалалтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрэв.

Сэтгэгдэл ( 0 )