Өнөөдөр Ерөнхийлөгчийн төрсөн өдөр

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 08

Өнөөдөр гуравдугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгч 50 нас хүрч байгаа аж. Гэхдээ эрхэм Ерөнхийлөгчийн төрсөн өдрийн талаарх мэдээлэл хоёр янз байдаг. Түүнийг 1963 оны 3 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд Монголын Цахиа, Хонинхүү нарын найм дахь бөгөөд отгон хүү нь болон мэндэлсэн гэдэг. Гэхдээ яг төрсөн өдөр нь 3 дугаар сарын 8  гэдэг юм билээ.

Ерөнхийлөгчийн бага насны тухай өгүүлэхэд багадаа ишиг, хурга, тугал, унагатай тоглож, тэднийг арчилж, тордохын зэрэгцээ бусад хүүхдүүдтэй мориор уралдаж тоглож өсчээ. Зэрэг сумынхны дурсан ярьдгаар Ц.Элбэгдоржийн ээж Хонинхүү нь туульс хайлдаг, ерөөл магтаал сайхан хэлдэгээрээ нутаг усандаа нэр хүндтэй тул Зэрэг сум болон ойр сумынхан цэрэгт явах, хол газар одохын өмнө Цахиагийн гэрт бууж, Хонинхүүгийн мэргэн цэцэн сургаалийг сонсоод мордох дуртай байсан аж.

Ц.Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд бага, дунд сургуулиа Онц дүнтэй төгсчээ. Түүнийг 16 настай байхад гэр нь Эрдэнэт хот руу нүүж, тэрбээр Эрдэнэт хотод 10-р ангиа Онц дүнтэйгээр 1981 онд төгссөн байна. Социализмын үед их, дээд сургуулийн элсэлтийн хуваарийг Төлөвлөгөөний комиссоос мэргэжил тус бүрээр аймаг, хотод хуваарилдаг байлаа.

Элбэгдоржийн хүсэн мөрөөдсөн сэтгүүл зүйн ангийн конкурсын хуваарь тэр жил төвөөс Эрдэнэт хотод ирсэнгүй. Сэтгүүлч болохоор сэтгэл шулуудсан Элбэгдорж ирэх жилийн конкурсыг хүлээхээр шийдэв. Энэ хугацаанд тэрбээр аав, ээждээ туслахаар Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт түр ажиллаад удалгүй засварчин болж, тун удалгүй тушаал дэвшин машинист болж ажиллажээ. Ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж нэг жил цэргийн алба хаав. Цэргийн албыг үлгэр жишээ хааж, "Улаан Од" сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан Хамгаалах Яaмны өндөр албан тушаалын хүмүүс үзээд Элбэгдоржийг тус яаман дээр дуудаж, түүнээс шалгалт авчээ. Шалгалтын үр дүнд Элбэгдорж Батлан Хамгаалах Яaманд ирсэн Зөвлөлт Холбоот Улсын Цэрэг, Улс Төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан байна.

Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Львов хот дахь Цэрэг, Улс Төрийн Их сургуулийг Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй, Онц дүнтэйгээр 1988 онд төгсчээ. Мөн тэрбээр Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Бүүлдэр хот дахь Колорадогийн Их Сургуулийн Эдийн засгийн институтыг Онц төгссөн байна. Дараа нь Элбэгдорж АНУ-ын Харвардын Их Сургуульд тус сургуулийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж, Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн төр засгийн дээд сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр 2002 онд төгсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top