“Тийн ялгуулсан” хэмээх усан могой жилийн Шинийн нэгний билэгт сайн өдрийн наран ургахтай зэрэгцэн төрийн гурван өндөрлөг Төрийн их хүндэтгэл Есөн хөлт цагаан тугандаа мөргөж, Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд төрийн золголт хийгээд өндөр настан азай буурлуудаа хүндэтгэн золголоо.Төрийн гурван өндөрлөг ахмад настны төлөөлөлтэй золгож, дурсгалын зураг татуулсны дараа Монголын ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “Луу жил Монголын маань ард түмэнд ээл ивээлтэй жил байлаа. Шинэчлэлийн Засгийн газар усан могой жилд улсынхаа хөгжлийг урагшлуулахын төлөө хичээн ажиллах болно. Түмэн олон маань ч гэсэн эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, төр түмэн хамтын хүчээ нэгтгэе” гэлээ. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн “Цагаан сарын баяр бол ахас ихсээ хүндэтгэдэг ураг төрлийн дээд баяр. Энэ баяраар монгол түмэн минь нэгэн нас нэмлээ гэж, хахир өвлийг мэнд давж урин хавартай энх золголоо гэж ураг төрлөөрөө цугларч ирэх сайхныг зөгнөн ярилцдаг. Цагаан сэтгэлт зон олон минь цагаан идээгээ дээжлэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээн ерөөлөө.

Сэтгэгдэл ( 0 )