Монгол yлсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жилийн гангарааг та бүхэндээ хүргэе. Тэрбээр өнөөдөр Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэн залбирсны дараагаар Төрийн золголт, ахмадын золголтод оролцсон юм. Улмаар нийт Монголчууддаа хандан мэндчилгээ илгээсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “Арвандолдугаар жарны “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн сар шинийн энэ баярын өдөр нийт ард иргэддээ бүгдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Цаг их сайхан наашилж, буян заяа тэгширч сайхан болж байна. Төрийн өргөөндөө золгож, ахмадуудтайгаа золгож, Төрийн хүндэтгэлийнхээ өргөөнд хүндэтгэлээ үзүүлж, бүх ёс төрөө үйлдлээ. Өвгөд, хөгшдөө нялхас мэт, өвгөд, хөгшдөө хүүхэд мэт асран тэтгэж, хүүхэд нялхсаа өвгөд, хөгшид мэт дээдлэн дэмжиж явахыг нийт ард иргэдээсээ хүсэн ерөөе. Энэ жил гарч байгаа усан могой жил Монголын ард түмэнд буян заяагаа өгсөн, улс орны маань хөгжил дэвшил улам өөдрөг байхыг хүсэн ерөөе” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )