МАН-ыг шинэчлэх хөдөлгөөн байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

 

“МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо” байгуулагджээ. Уг хороонд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн асан Р.Раш, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, н.Эрдэнэбат, н.Батсайхан, н.Гантулга нар багтсан байна. Тэд МАН-ын 27 дугаар их хурлыг зарлан хуралдуулах , УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон гишүүдийн хийсэн ажил, улстөрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, үүргээ хангалтгүй биелүүлсэн гишүүдэд хариуцлага тооцох, жагсаалтаар сонгогдсон гишүүдийг татах хүртэл арга хэмжээ авах, намын дүрэмд өөрчлөлт оруулах, тунхаг бичгийг хэлэлцэн батлах зэрэг  шаардлагатай байгааг онцоллоо. Тэд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарт уриалга хүргүүлж байгаа аж. Энэ үеэр
УИХ-ын гишүүн асан  Д.Загджав: “МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарт шинэчлэл өрнүүлэх уриалгыг өнөөдөр хүргүүлж байна. Уриалгын хариуг хоёрдугаар сарын 18-ны өдөр эргэн мэдэгдэхийг хүсч байгаа. 
Шинэчлэл хийхийг нийгэм хүсч байхад энэ уриалгыг хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэв. УИХ-ын гишүүн асан Р.Раш: “Би энэ хуралд урилгаар  оролцож байна. Залуучуудын намыг шинэчлэх үйлсийг дэмжиж байгаа хүний нэг.  Манай намд дорвитой шинэчлэл үгүйлэгдэж байна. Их хурлаа ч хуралдуулах нь зүйтэй. Хугацааг хойшлуулаад байх шаардлагагүй. Ойрын хугацаанд зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Адуу хүртэл  эмсгэлээрээ дагадаг гэдэг дээ.  Тиймээс  МАН, МАХН хоёрыг эргэн нэгдэх талаар ярилцах, зөвшилцөхийг хүсч байгаа гишүүд цөөнгүй бий. Ер нь   “ Эвт шаазгай буга барина” гэдэг. Үүсэл гарал нэгтэй хоёр нам  нэгдэхгүй юмаа гэхэд харилцан ойлголцох, цаашид хамтран ажиллах  хэрэгтэй” гэв. Үүний дараа МАН-ын
Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан: “Намыг шинэчлэх тухай ярихаасаа өмнө бид жирийн гишүүд юу гэж хүсэж байгааг эхлээд  санал асуулга явуулан судалсан. Санал асуулгад намын нийт 2252 гишүүнээс “намыг бодлогын хүрээнд шинэчлэх хэрэгтэй юу” гэсэн асуултаар авсан. Харин судалгааны үр дүнд 78.3 хувь нь шинэчлэх хэрэгтэй гэсэн хариултыг өгсөн байна. Эдний 45.6 хувь нь иж бүрэн шинэчлэх хэрэгтэй гэсэн бол 63.3 хувь нь шинэчлэл хийсэн тохиолдолд цаашид намаа дэмжинэ гэж мэдэгдсэн байна.  Намдаа итгэл алдарсан шалтгаанаа гишүүд намын эрх мэдэлтэй томоохон даргууд нь авлигын хэрэгт орооцолдон, нийгэм  дэхь нэр хүнд нь унаж байгаатай холбон тайлбарласан байгаа юм.  Мөн сонгуульд ялагдсан шалтгааныг намын лидерүүд “шаардлагатай арга хэмжээ авч чадаагүй. Харин намынхаа мэдээллийг ямар аргаар хүргэж байвал гишүүдэд болон ард олонд илүү нийцэх вэ гэсэн асуултанд ихэнх залуус онлайн маягаар тараахыг хүссэн бол ахмад настангууд уулзалт зохион байгуулах хэрэгтэй гэсэн хариулт өгчээ. Тиймээс нийт гишүүдийн бараг 80 хувь нь шинэчлэх хэрэгтэй гэж үзсэн учир намын дотоод бодлогыг яаралтай шинэчлэх цаг нь болсон харуулж байгаа. Тиймээс намын 27-р бага хурлыг яаралтай зарлан хуралдуулах хэрэгтэй гэж үзсэн. Гэхдээ энэ хурлыг нийгэмд ил тод байдлаар, хэвлэл мэдээллийнхэнийг өргөнөөр   оролцуулж хийх хэрэгтэй гэж үзэж байгаа” ” гэдгийг онцлов.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top