Ингэхэд амьд уу

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 20

Саяхан буюу 2013 оны 1 дүгээр сарын 5-нд хоёр намын сайтыг үзэв. МАН нь nam.mn, АН нь demparty.mn хаягтай юм.
АН-ын сайт мэдээллийн харагдах байдлын хувьд хамаагүй дээр юм. Ядахдаа УИХ-ын зарим гишүүдийнхээ facebook, twitter хуудсуудыг холбочихоор чинь байнга “шинэ” харагдаж байгаа юм. Заль л байхгүй юу. Яг мэдээллийн чанар бол авах юм байхгүй л дээ.

Энд би үлэмж хоцрогдож арчаагаа алдсан МАН-ын мэдээллийн системийг ярих гэсэн юм.

МАН-ын сайт МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн “Орон нутгийн сонгуулийг хааж хэлсэн үг”-ээр эхэлж байна. Дараа нь Д. Сарангэрэл, Ё.Отгонбаяр нар хамгийн сүүлд 12 дугаар сарын 24-нд нэг нэг юм бичжээ. Ингээд шинэ жилдээд алга болсон нь ойлгомжтой. Тэгвэл Шинэ жил гарахад Монголын бүхэл бүтэн нам сайт дээрээ Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж болох уу. Болмоор л санагдана. Гэтэл юу ч алга. Ер нь шинэ он гараад МАН-ын сайтад шинэ юм юу ч алга. Сүнс сүлд нь явчихаар л ингэдэг байх.

Хөгшүүд нь ч яахав өнгөрсөн улс, залуучууд нь яадаг юм бол гээд үзлээ. Тэдний хаяг нь namzh.mn. Дээрдэх юм алга. Хар залуугаараа хөгширнө гэж энийг л хэлдэг байх. Өнгөрсөн оны хамгийн сүүлийн мэдээ нь НАМЗХ-ын дэд даргаа сонгосон мэдээ байна. 12 дугаар сарын 26-нд хийсэн аж. Ингээд дарга нараа дагаад ёоолкдчихсон бололтой. Л. Оюун-Эрдэнэ даргын НАМЗХ-оо анх байгуулсан аль дивангалавын мэндчилгээнээс өөр юм алга. Эд чинь одоо залуу хүмүүс биз дээ ?!

Нам нь сонгуульд ялагдаад дарга нар нь мөнгө өгөхгүй байгаа бололтой юмаа. Залуус аа, ингэж хар залуугаараа “үхэж” үхээнц царайлж болдоггүй юм. Сайт ажиллуулахад мөнгө биш, сэтгэл зүтгэл ордог юм.
Би ч яахав өвгөн хүн. Гэхдээ л би Та нарын оронд байсан бол нэг их бослого мослого гаргадаггүй юмаа гэхэд яагаад бид хоёр сонгуульд дараалан ялагдав, шалтгаан үр дагавар нь юунд байв, олон гинжин хэлхээний чухам хаа хаана алдаа гарав, аль нь системийн, аль нь нөхцөл байдлын алдаа байв, энэ алдааг ахин гаргахгүйн тулд бид юу хийх ёстой гэх мэтчилэн үй түмэн асуудлаар чөлөөт хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээн хийгээд сууж байх байсан. Өөр юу дуртайгаа хийж болно ш дээ. Наад зах нь шүү дээ.

Энд би ганц сайт яриад байгаа юм биш, үйл ажиллагааны бүх салбарт үхэх шиг адгийн юм байдаггүй юм гэдгийг л хэлж байна.
Гэтэл МАН таг чиг, юу ч болоогүй юм шиг. НАМЗХ таг чиг, юу ч болоогүй юм шиг. Ингэж байгаад үхэв дээ. Ер нь бол хоёрын хооронд ингэж байснаас нэр төртэй “үхсэн” нь хамаагүй дээр л дээ.
Гэхдээ хавийн амьтан хорлож байж үхэх илүү “гоё” бололтой юм дагаа…

Үнэндээ бол МАН-ын залуучуудын өмнө “намаа аврах” биш, өөрсдийгөө аврах тухай асуудал тулгарч байна. Та нарын зарим улс төрөөс “баяртай” гээд гарчихна гэж бодож байвал тун их эндүүрэл болно.
Яагаад гэвэл чи улс төрөөс гараад “өөр юм” хийх гэсэн ч МАН-д, НАМЗХ-д байсан чинь их гай болно. Манай адгийн заваан сэтгэл зүй чамайг хэзээ ч өөд нь гаргахгүй. Харж л байгаарай. Би хэзээ ч худлаа ярьдаггүй, мөн 90-ээс дээш хувь үнэн зөв дүгнэдэг.

Танай хэдэн өвгөд намаа сөнөөчихөөд явдаг л юм байгаа биз. Тэд идэвхигүй, үхээнц үйлдлээрээ Та нарт ихээхэн гай болж Та нарыг хорлож байгааг ухаарах ёстой гэж санана. Зөвхөн шоронд орохоос айж байгаа тэднээс болж Та нар намтайгаа, ирээдүйтэйгээ хамт сөнөх ёстой юу.

МАН-ын одоогийн дарга нар шиг өчүүхэн жижиг, аймхай хулчгар, туйлбаргүй, арчаагүй, эрдэм мэдлэггүй, харалган, мулгуу мунхаг хүмүүсийг би энэ яваа насандаа үзээгүй. Тэдний хамгийн аймшигтай чанар бол ам хошного хоёр нь өчүүхэн төдий ч ялгаагүй болчихсонд оршино. Та нар тэднийг том, мундаг гэж бодож байвал ёстой алд дэлэм эндүүрч байна.
Мэдэж ядаад байх юм байхгүй, одоо наадуул чинь намаа “угсаа залгамжлуулах” ухааны юм бодчихсон сууж байгаа, ёстой муу ёрын феодалууд ш дээ. Үүнийг ардчилсан үйл явц болговол сая нэг жинхэнэ нам болж магадгүй юм даа…

Энэ хэдэн балайнуудын хийсэн лай ланчгийг үүрч тэдний өмнөөс нулимуулж байх ямар муу юм Та нар хийсэн юм ?!
Энд би Та бүхний нэгэнт мартчихсан Ардчилсан Социалист Үзэл хийгээд Үндэсний Ардчилсан Үзэл Санааг хөндөж байгааг онцлон анхаарахыг хүсч байна. Үзэл санаа байхгүй бол нам гэж байсны хэрэг юусан билээ. Хэрэв манай намууд үзэл баримтлалаа сахидаг бол АН баруун төвийн, МАН зүүн төвийн, ингээд тэнцвэр хангагдах ёстой л доо. Энэ бол манайд ёстой “хоосон онол” болно. Гэхдээ л ямар нэг “тэнцвэр” хэрэгтэй байна.
Юу ч гэсэн “намаа аврах” тэмцэл бол Та нарын өөрсдийнхөө төлөө хийж буй тэмцэл юм.

Би Та нарыг баадуудаж байгаа юм биш. Зүгээр л амьд уу гэж асууж байна.
Ер нь бол Монголд АН-ыг ч, МАН-ыг ч дангаар нь ноёрхуулж болохгүй юм билээ.
Омар Хайям нэгэнтээ “Сэтгэл санаагаар унасан хүн цагаасаа эрт үхдэг” гэж хэлснийг санаж явбал зүгээр л байх…


Судлаач Д.Ганхуяг 

Эх сурвалж: www.ganaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top