Канадтай хамтарсан төслөө танилцуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

 

БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байгаа  Гадаад харилцааны сайд Л.Болд Дели хотноо нээгдсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн ардчиллын боловсролын асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын бүсийн бага хурлыг нээж үг хэлэв.

Тэрээр АОХН-ийн хүрээнд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын санаачилгыг хүлээн авч энэхүү бага хурлыг хамтран зохион байгуулж байгаад энэтхэгийн талд талархал илэрхийлж, энэхүү бага хурал нь АОХН-ийг тэргүүлж байгаа Монгол Улсын хувьд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй томоохон, барьцтай ажлуудын нэг болж байгааг онцлон тэмдэглэжээ.

Мөн оролцогчдод хандан НҮБ-ын Ерөнхий Ассамблей Монгол Улсын санаачлан батлуулсан ардчиллын боловсролын тухай тогтоолыг санал нэгтэй баталсан нь дэлхийн улс орнууд ардчилсан институцийг бэхжүүлэх, хүний эрхийг хэрэгжүүлэх, олон улсын хөгжлийн зорилтуудыг урагшлуулах, хүний нөөцийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, улс түмнүүдийн хоорондын  харилцан  ойлголцлыг өргөжүүлэхэд боловсрол чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо. НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийг 2014 онд илтгэхэд манай бүс нутгийн орнууд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улс итгэж байна гээд хамтран ажиллахыг уриалав.

Бага хурлын нээлт дээр БНЭУ-ын Хүний нөөцийн хөгжлийн сайд  Мангапати П.Ражу,  Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Пинак Р.Чакраварти нарын өндөр албаны хүмүүс байлцаж үг хэллээ. Энэтхэг Улс дэлхийн хамгийн том ардчилсан орны хувьд ардчиллын боловсрол хүний хөгжлийг урагшлуулах, ардчилсан институцүүдийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг сайн мэддэг. Тийм ч учраас монголчууд АОХН-ийг даргалахдаа ардчиллын боловсролыг тэргүүлэх чиглэлээ болгон сонгосныг дэмжиж, нягт хамтран ажилласан гэдгийг энэтхэгийн тал онцлон тэмдэглэж байв.

Тус бага хуралд манай бүс нутгийн 20  шахам орон, ЮНЕСКО, НҮБ-ын Ардчиллын сангийн төлөөлөгч нар ирж оролцож байна. Бага хурал 18-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд манай төлөөлөгчид ардчиллын боловсролыг сургалтын хөтөлбөрт тусгах агуулгыг тодорхойлсон баримт бичгийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэх юм. Энэ төслийг Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хоёр талын хамтарсан мэргэжлийн баг гарч боловсруулсан билээ.

Хурлын нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд БНЭУ-ын Хүний нөөцийн хөгжлийн сайд Мангапати П.Ражутай уулзаж, бүс нутагт ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хоёр орны боловсролын салбарын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцов.

Уулзалтын үеэр сайд Л.Болд Мэдээллийн технологийн сургалт, аутсорсингийн хамтарсан төв байгуулах төслийн ажлыг энэ оны нэгдүгээр улирлаас эхлүүлэхэд монголын тал бэлэн байгааг нотолж, манай улсын англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, багш мэргэжилтнүүдийн багшлах ур чадвар, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр энэтхэгийн талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top