Тэнсэн харгалзах ялтай О.Даваасүрэн ГЕГ-ын бялууг хүртлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17

Албан тушаалын бялуу хуваах ажиллагаа ид хавтгайрч байна. Саяхан удирдлага нь солигдсон Гаалийн Ерөнхий газрын шинэ удирдлагууд хуралдаж газрын дарга нарын халаа сэлгээг хийжээ. Дөрвөн газрын даргыг шинээр томилсноос тус байгууллагын алба хаагчдын нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн нэг нөхөр орж ирсэн нь О.Даваасүрэн. Түүнийг Гаальтай тэрсэлдэгч гэж болно. Тиймдээ ч шүүхээс тэнсэн харгалзах ял сонсч явсан нэгэн.

Тэрбээр Дорноговь аймагт панз үсэргэж, урд хөрш рүү таваар зөөж хэсэгтээ л бужигнуулжээ. Гэхдээ мөрөөрөө явсан уу гэвэл үгүй. Ямартай л “Хөнгөн цагаан” гэх хоч зүүхэв. Дорноговийн хөнгөн цагааныг тэр чигт нь хамсан тэрбээр гаальд буй танил талаа ашиглаж БНХАУ руу  гаргадаг байж. Харин цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр гаалийн хяналт чангарч, танилын хүрээ хумигдаад ирэхийг цагт “Сайн эр” болж цуглуулсан хөнгөн цагаанаа хууль бусаа хилээр гаргах гэж байгаад Замын-Үүд дэх Гаалийн хяналт шалгалтын байцаагчид үйлдэл дээрээ баригдаж хөглөсөн төдийгүй эл асуудал нь шүүхэд очсон байна.

О.Даваасүрэнгийн дээрх хэргийг Дорноговь цагдаагийг газар шалгаж үзээд прокурорт шилжүүлжээ. Хэргийн тус аймгийн прокурорын байгууллага хянаж зүйлчилсэн нь 5 жилийн хорих ял байсан гэдэг. Харин шүүх энэ ялыг нь тэнсэн харгалзах болж мань эрийн магнайг тэнийлгэсэн гэдэг.

Гэхдээ л сурсан занг сураар боож болдоггүй гэдэг дээ.  Тэрбээр зүгээр суухаар зүлгэж сууна гэгчээр хөнгөн цагааны бизнесээ орхиж оронд нь угаасан ноос, ноолуур хилээр гаргадаг шинэ ажилтай болсон төдийгүй бас л гаалийнханыг хуурч зөрчил гаргаж байсан нь илэрч. Тодруулбал, Замын-Үүдийн боомтоор бараагаа гаргахдаа барааныхаа жинг багасгаж худал мэдүүлж байсан нь татвараас зайлсхийх зорилготой байжээ. Тэнсэн харгалзах ялтай хэр нь ийм авирласан түүнд төр төмөр нударгаа харуулж Захиргааны хариуцлагын тухай хуулийн заалтыг үндэслэн бараа таваарыг нь улсын орлого болгож, түүнээс 17 сая төгрөгийн хохирол гаргуулсан байна.

Иймэрхүү байдлаар Гаалийн байгууллагатай тэрсэлдсэн тэрбээр өнөөдөр Гаалийн Ерөнхий Газрын Төрийн захиргаа, хүний нөөцийн газрын даргаар томилогдож. Уг нь Гаалийн байгууллагын гол уриа нь “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэдэгсэн дээ. Тиймдээ ч О.Даваасүрэнгийн эл үйлдлийг мэдэх гаалийнхан “Бузрыг оруулж ирлээ” хэмээн өөр хоорондоо шивнэлдэж байгаа аж.

Үүгээр ч зогсохгүй улстөрийн карьер хөөж Сүхбаатар дүүргийн Засаг даргын  орлогчоор ажиллаж байж. Тухайн үед мөнгө төгрөгний асуудлаар цагдаагийн байгууллагын хаалгыг ч татаад амжжээ. Ёстой л бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй гэгчээр Л.Даваасүрэн нь явсан газраа л асуудал үүсгэж байсан ч нүдэн балай, чих нь дүлий гэгчээр энэ бүхнийг нь харгалзан үзэлгүйгээр ГЕГ-ын Төрийн захиргаа, хүний нөөцийн газрын даргаар тавьсныг нь буруутгах нь жин дарж байна.

Г.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Худал мэдээлэл(31.205.4.8) 2014 оны 03 сарын 11

Худлаа үнэн эх сурвалжгүй нийтлэл бичиж байхаа болимоор юм бас та нарт хүний хувийн амьдралд өнгийх шаардлага байхгүй. Энэ хүн та нарийг хүний мууд дурлаж, атаархаж дэмий нийтлэл бичиж сууж байхад, СБД-т их юм хийсэн хүн шүү.

0  |  0
Top