Г.Баярсайхан: Асуултад та нөхөд “уналаа”

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

 

УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаарын сан” болон “Байгаль хамгаалах сан”-гийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг гишүүд сонсч, санал бодлоо илэрхийллээ. Хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сангуудад хуримтлагдсан хөрөнгийн зарцуулалтыг сонирхож асуусны зэрэгцээ Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийн тухай тодруулсан юм. 

Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ахуйн хэрэглээний зуухны талаар болон яндангийн шүүлтүүрийн тухайд тодруулга хийж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хийсэн ажлынх нь талаар сангуудад мониторинг  хийх нь зүйтэйг хэлж байв. Учир нь утаа байгаад л байдаг, гэтэл утааг багасгана гээд мөнгө урсаад л байгааг тэрээр сануулж хэлсэн. Түүнчлэн нийслэлд зүүн дөрвөн замын дээхнэ талд биохаягдал устгаж байгаа нь хэр зэрэг зүй зохистой болохыг эрхэм гишүүн асуусан юм. Эрүүл мэндийн болоод байгаль орчны байгууллагууд хамтран ахуйн хэрэглээний, бусад хэрэглээний түлшний бодлогын асуудлыг чанарын өөр түвшинд гаргаж ирэх нь чухал гэдгийг тэрээр онцолж байв.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Монгол Улсын экологийн бүс нутгийн эмзэг байдлын талаарх газрын зураг байгаа юу? хэмээн асуухад байнгын хорооны хуралдаанд хүрэлцэн ирсэн яамны холбогдох ажилтнууд тоймтой хариулт өгч чадаагүй  бөгөөд  БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан энэ үеэр, “эрхэм гишүүн “экологийн карт”-ын талаар асуулаа, харин яамны нөхөд уг асуудалд дорвитой  хариу өгсөнгүйгээр барахгүй мэдээлэл муутай байгаа нь харагдлаа. Асуултад та нөхөд “уналаа” гэсэн юм.

Байнгын хорооны даргын хэлснээр бол, экологийн картыг Монгол Улс арваад жилийн өмнөөс хийж эхэлсэн аж. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудал дээр гацдаг ч ийм зүйлд гадны байгууллага, хүмүүсийг түшихээс илүүтэй монгол эрдэмтдийнхээ, монгол хүний хүчийг авах нь зүйтэйг Г.Баярсайхан дарга анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top