Д.Ганбат: Н.Энхбаярыг эмнэлэгт эмчлэх боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 15

Хүний эрхийн асуудал маш ноцтой болсныг Хүний эрхийн дэд хороо хүлээн зөвшөөрлөө. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсанаас үүдэн эхчүүд тус намын байранд өлсгөлөн зарлаад даруй 162 цаг өнгөрсөн. Өлсгөлөнгийн хугацаанд хоёр ч эхийн биеийн байдал хүндэрч эмчилгээнд ороод байгаа. Тиймээс дөнгөж сая Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат болон, тус хорооны гишүүн Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нар ээжүүдтэй уулзав.

Тэд эхчүүдээс өлсгөлөнгөө зогсоохыг хүсэхийн сацуу Монгол Улсад хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Өлсгөлөн зарласан эхчүүдийн хувьд хүний эрхийн энэхүү ноцтой асуудал Н.Энхбаярыг баривчилсанаар монголд ил тод болж эхэлсэнийг онцлоод энэ бол дан ганц Н.Энхбаярын асуудал биш, монголын эрх нь зөрчигдөж байгаа олон арван хүний асуудал гэдгийг Хүний эрхийн дэд хорооныхонд хэлсэн байна.

Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат хэлэхдээ, “Нэг хүний эрх зөрчигдөж байгаа нь олон хүний эрх ноцтой хэмжээнд зөрчигдөж байгаагийн тод жишээ” гэдгийг хэлээд Н.Энхбаярыг эхчүүдийн шаардаж буй Хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэн биеийг нь тэнхрүүлэх боломжтой гэв. Бусад гишүүдийн хувьд ч нэг байр суурьтай байгаа бөгөөд эрх нь зөрчигдсөн иргэдийнхээ асуудалд улам илүү анхаарч УИХ-д холбогдох хуулийн төслийг өргөн барьсан талаараа мэдэгдлээ. Мөн хуулиас давсан гэгдээд буй журмыг ч хүчингүй болгоход анхаарч, УИХ болон холбогдох газруудад энэ талаар сануулахаа илэрхийлсэн юм. Эхчүүдийн хувьд тэдний тавьсан шаардлагыг хэрэгжиж, биелэлээ олох хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ илэрхийлжээ.  

А.НОМИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top