Э.Эрдэнэжамъян: “Өвдсөн бол үх” гэсэн харгис зарчмаар хандахыг нь хүлээн зөвшөөрөхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 14

Ээжүүд өлсгөлөн зарлаад зургаан хоног буюу 148 цаг болж байна. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчилгээ хийлгэх боломжоор нь хангахыг хүсч эрүүл мэндээ ийн золиослож буй. Тэд энэ лхагва гаригт Н.Энхбаяр даргыг суллахгүй бол бидний гурав нь өвлийн хүйтнийг ажралгүй Сүхбаатарын талбайд очиж өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ. Хоёр нь хуурай өлсгөлөнд шууд шилжинэ. Эх хүний хувиар Н.Энхбаярыг суллуулах болно” гэсэн байна. Тэдний мэдээлж байгаагаар өлсгөлөн зарлах ээжийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэнэ. Өчигдөр гэхэд дөрвөн ээж нэмэгдэж өлсгөлөн зарлагчдын тоо есд хүрсэн юм байна. Өлсгөлөнгийн хажуугаар улс төрийн суулт зарлах иргэд ч нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, өчигдөр гэхэд Дорнод аймагт 13 иргэн суулт зарлахаар болсон байна. Энэ талаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяангаас тодрууллаа.

-Таван ээж өлсгөлөн зарлаад зургаа хонож байна. Хууль зүйн дэд сайдын хувиар асуудлыг шийдэх гарц эрэлхийлж байна уу?
-Ээжүүд Н.Энхбаяр даргын эрүүл мэндэд санаа зовсондоо өлсгөлөн зарлаж байгаа. Түүнээс биш намын даалгавар, эвслийн хүсэлтээр амь насаа золиослон байж өлсгөлөн зарласан юм байхгүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгаар өлсөж байгаа мэт бичиж байна. Тийм зүйл байхгүй. Н.Энхбаяр даргын зүгээс “Өлсгөлөнгөө зогсоо. Эрүүл мэндээ бодооч” гэсэн хүсэлтийг ээжүүдэд ирүүлсэн. “Шударга ёс” эвслийн зүгээс ч гэсэн өлсгөлөнгөө зогсоохыг хүсч байна. Харамсалтай нь, ээжүүд бидний үгэнд орохгүй нь бололтой. Ер нь хорих ангид “Олон нийтээс тусгаарла” гэж саатуулдаг болохоос биш “Өвдсөн бол үх. Өвчин чинь бидэнд хамаагүй” гэж байлгадаггүй. Хуулийн зарчим ч гэсэн тэр. Ямар нэгэн байдлаар ял эдэлж байгаа хүмүүс хэн бэ гэдгээс үл хамаарч эрүүл мэндийн тусламж авах эрхтэй. Хэрэв хоригдлынхоо өвчнийг нь эмчилж чадахгүй бол өөр чадах сайн чанарын эмнэлэгт нь хүргэх ёстой. Хорих ангийн эмнэлгийг дагасан шүүмжлэл байдгийг нуух шаардлагагүй. Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлэх бодлогоос тасарсан, боловсон хүчин нь бэхжээгүй, техник технологи нь хоцорсон, эмчилгээ муу гэх шүүмжлэл бий. Энэ үүднээс дүрэм журмаа өөрчлөхгүй бол “Хорих ял авсан л бол шоронд ясаа тавь” гэдэг харгис байдлаар хандаж болохгүй.

-Өлсгөлөн зарласан ээжүүдийн асуудалд Хууль зүйн яам хэр анхаарал хандуулж байна. Энд хүний эрүүл байх эрх зөрчигдөж байна шүү дээ?
-Яамны өмнөөс хариулах боломжгүй. Үүнийг сайдаас асуусан нь дээр байх. Н.Энхбаяр даргыг эмчлэх тухай асуудалд прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхой саналууд ирүүлсэн байна лээ. Прокурорын санал нь “Эрүүгийн хуулиар шийтгүүлсэн ялтан л бол өвчтэй эсэх нь бидэнд хамаагүй” гэсэн утгатай. Прокурор   хууль тэр дундаа Үндсэн хуулийг сахиулах ёстой байгууллаага байхаас биш хэн нэгнийг нь хаана байхыг шийдэж шийдвэр гаргадаг байж таарахгүй. Хүний эрхийг хангаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй байгууллага юм шүү дээ, уг нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top