Х.Баттулгын МоАХ фракцаас М.Энхсайханы орыг залгамжлагч төрлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 11

Өчигдөр хуралдсан Төрийн өмчийн хорооны хурлаар Монголын төмөр зам ТӨХК-ийн дарга М.Энхсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарч, тэр даруй М.Энхсайхан өрөөгөө суллаж өөрийнхөө хогшлыг тэврээд явжээ. Томилогдоод удаагүй байсныг ч хэлэх үү, нэг л төвхнөж амжаагүй шинэхэн даргын өрөөнд тийм ч нүсэр эд хогшил тавилга сэлт байгаагүй бололтой юм.

Хоёрхон сар Монголын төмөр зам ТӨХК-ийн даргын суудалд суухдаа түүний хийсэн хэрэг, хэлсэн үг нь “Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл нарийн царигтай төмөр зам тавина” гэсэн ганцхан өгүүлбэр байв. Зөвхөн ийм байр суурь илэрхийлсэн өгүүлбэрээс болоод л бүхэл бүтэн вант улсын даргыг солих нь хэний эрх ашгийн асуудал байв гэдэг хардлага М.Энхсайханыг халагдсныг сонссон хүн бүхэнд байсан байх.

Хардах нь ч зөв. Дарга гэх сэтэр зүүхийн төлөө улстөр галзуурч байгаа энэ үед хэн нэгний хатгаасаар л дарга цэргийг томилдог болоод байгаа. Түүний мэдлэгтэй мэдлэггүй, удирдах чадвартай чадваргүй, салбараа мэддэг мэддэггүй нь хамаа байхгүй. Ерөөс хэн хаана очвол хэний эрх ашиг дэмжигдэхээр байна тэр л сценарийн дагуу бүх жүжиг тавигдана. М.Энхсайханыг унагаах сценарийг хэн бичсэн байж таарах вэ гэдэг оньсого өчигдрөөс эхэлсэн ч эзэн тэр даруйдаа баригдав. Яг л гурил хулгай хийсэн хүн гуян дээрээ тамгатай гэдэг шиг.  М.Энхсайхантай хамтран ажиллах боломжгүй, түүнийг зохих журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж өгнө үү хэмээн төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржид албан бичиг илгээсэн хүн нь Зам, тээврийн сайд А.Гансүх. Харин түүний ард МоАХ буюу Х.Баттулгын фракц байж.

Ийн хэлэхийн учир нь М.Энхсайханыг чөлөөлөхийг хүссэн албан бичгийн хавсалтад нь П.Бат-Эрдэнийн анкетыг хавсаргаж асуудлыг тэр дор нь шийджээ.  Монголын төмөр зам ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нь МоАХ-ын хүн. Тиймдээ ч М.Энхсайханыг унагаамагц түүний оронд Монголын төмөр зам ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнийг танилцуулж асуудлыг тэр дор шийдвэрлэн Монголын төмөр зам ТӨХК-ийн захиралаар томилжээ.

Энэ томилгоог Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийн гарын үсэгтэй тогтоол батална. Эл тогтоолд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, Зам, тээврийн сайдын 2013 оны 1/142 тоот албан бичгийг тус тус үндэслэн Төрийн өмчийн хорооноос тогтоох нь: Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг 2013 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь П.Бат-Эрдэнийг томилохыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /Б.Батзаяа/-д даагасугай” гэсэн албан бичиг үйлджээ.

Ийнхүү АН-ын МоАХ фракцаас Монголын төмөр зам ТӨХК-ийн шинэ захирал төрж, албан тушаалын тохиролцоо, амь бүл нэгтгэх улстөрийн томилгоо явагдлаа.

А.Одон

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top