Албан тушаалын дон хүний амиар хөлөө арчихад хүргэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Албан тушаал эрх мэдлийн төлөө хүний амиар хөлийн алчуур хийж буй түшээд олширлоо. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсох тангараг өргөсөн эмч улстөржин, албан тушаалын зөөлөн сэнтийд шунаж хэдхэн сартай нялх хүүгийн амийг үл хайхрав. Гэсэн атал уушги зүрхнээсээ уучлал гуйж сураагүй бүдүүлэг улстөрч авир гаргаж зугатан одсон гэх. Үүнээс өмнө бас ийм хэрэг гарч байсан. Тодруулбал, 2011 оны 08-р сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Таван толгой”-н тосгонд нэг айлын хоёр хүү зэрэг амиа алдсан эмгэлэнт хэрэг гарч байлаа. Эл хэргийн гол буруутан нь Тавантолгой ХК болон түүний хариуцлагагүй дарга цэргээс үүдэлтэй. Нэг үгээр хэлбэл ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчийн үлгэр болсон.

Хоёрын хоёр хүүхдийн аминд хүрсэн хэргийн гогцоо Тавантолгой ХК-аас үүдэлтэй гэдэг нь тодорхой боловч албан тушаал, сандал суудлын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахаа байсан Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр хэргийг цаг хугацааны мананд сарниулахыг оролдож байна. Аль 2011 оны 08 дугаар сард гарсан уг хэрэг өдийг хүртэл шийдэгдээгүй төдийгүй хариуцлага алдсан гүйцэтгэх захирал Хүүгийн Түмэнбаяр өдгөө албан тушаалын бялуундаа бялуурсан шигээ сууж байгаа. Тодруулбал хоёр хүүгийн амийг “хогийн сав руу шидчихсэн” энэ нөхөр Өмнөговь аймгийн ИТХ-ын даргын зөөлөн буйданд тухлаж байна.

Хэрэг хуучирдаггүй гэдэг. Тухайн үед буюу 2011 оны 08 дугаарын сарын 11-ний өдөр Тавантолгой тосгонд байрлах усан оргилуурын дэргэд тоглож байсан 3-хан настай хүү халууцсандаа ч  тэр үү, ямартай ч оргилуурын ус руу орсон байдаг. Цахилгаанжсан ус руу орсон түүнд “таатай мэдрэмж” төрүүлээгүй нь мэдээж. Тиймээс хүү орилж хашгираа биз. Ямар ч байсан оргилуурын ус руу орсон дүүгээ гаргахаар 11 настай ах нь дүүгийнхээ араас үсэрч хоёулаа амиа алдсан билээ.

Эл асуудал яагаад Тавантолгой ХК-тай холбогдоод байна вэ гэж уншигч та гайхаж магадгүй. “Таван толгой” ХК-ийнхан 45 жилийн ойн баяраа угтаж Тавантолгой тосгонд бүтээн байгуулалтын ажил хийсний нэг нь дээрх усан оргилуур юм билээ. Гэвч усан оргилуурыг тухайн компани стандарт бусаар хийж холбогдох байгууллага нь ч хүлээн авч ашиглалтанд оруулсан байдаг. Стандартын бус аюултай усан оргилуур ашиглалтанд оруулсныг тус компанийн удирдлагууд мэдсэн боловч, арга хэмжээ авалгүй асуудалд хойрго хандаж сууснаар дээрх хэрэг гарч.

Үүнийг нь ч мэргэжлийн хяналтын байгууллага нь нотолж “Усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль дүрэм журмыг зөрчиж суурилуулан ашигласан учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон” гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Хүүгийн Түмэнбаяр хэргийг дарахын тулд хуруун чинээ хоёр хүүг “Амиа хорлосон” хэмээсэн нь төр түмнийхээ төлөө цохиолох зүрхтэй түшээ мөн эсэхийг бэлхэнээ харуулна. Гэвч мөнгөнөөс хүчтэй зүйл үгүй болсон энэ нийгэмд хоёр хүүгийн алтан амиар гараа угаасан эрхэм ИТХ-ын дарга болон дэвшиж_ түмэн олноо төлөөлөн "Төрийн түшээ" гэсэн пайз зүүн сууж байх юм. Тэгэхээр ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө зүтгэж буй АН-ын харъяат Х.Түмэнбаярыг албан тушаалын донд автсандаа алгын чинээхэн хүүг “Амиа хорлосон” хэмээсэн гэхээс өөр юу гэх билээ.

Г.Саруул

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top