УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Би дархан цаазтай газар ан хийгээгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

 

-Таныг дархан цаазтай газар ан хийсэн гэх юм.  Энэ талаар тодруулахгүй юу?

- Дархан цаазат газар ан хийсэн гэдгийг ойлгохгүй байна. Хэнтий нурууны тодорхой хэсэг нь л дархан цаазтай.

- Та 10-р сарын 26-29-ны өдрүүдэд хөдөө орон нутаг руу явсан уу?

- Явсан.

- Ан хийсэн үү?

-Хөдөө явахын хувьд явсан, ан хийсэн, гахай буудсан. Гэхдээ би буудаагүй манай найз буудсан. Гахай гэдэг бол хориотой амьтан биш. Монголд өргөн дэлгэр байдаг амьтан. Төлбөр нь 45 мянга байдаг. Өнөөдөр Монгол Улсад тарвага хориотой. Гахай бол хориотой амьтан биш.

-Гурав дөрвөн хоног ан хийх зорилготой явсан юм биш үү?

-Нисдэг тэрэг чинь дөрөвхөн цагт нисэх шатахуунтай байдаг. Дээшээ нисэхэд нэг цаг гаруй буцахад цаг гаруй дундын нислэг нэг цаг гаруй. 4 хоног ан хийсэн гэхээр мэддэг улсууд нь тоохгүй, дуугүй байгаа хэрэг.

-Батлан хамгаалахын сайд байсныгаа ашиглан нисдэг тэрэг унаж явсан гэх юм?

-Албан тушаал ашигласан юм ерөөсөө байхгүй. Арилжааны зориулалтай төлбөр төлөөд гэрээ хийгээд явсан. Ямар нэгэн улсын хөрөнгийг үнэ төлбөргүй ашигласан юм байхгүй. Тийм ёс зүй байлгүй яахав.

-Хууль хяналтын байгууллагаас хориотой газар ан хийлээ гэж хууль хяналтын байгууллагаас шалгаж, байцаалт авсан уу?

- Тийм юм байхгүй ээ. Намайг дуудаагүй. Дахиад хэлэхэд гахай чинь хориотой ан биш.

Манай буурал аав  гөрөөчин, аав гөрөөчин байсан. Би мэдээ орохдоо тарваганы мах идэж өссөн. Би монгол хүн морио унаад буугаа үүрээг хаана явах нь миний эрх. Харин үүнийг зөв зохицуулж, зөв орчинг бүрдүүлэх тухай л бодол надад төрж байна.

Европын орнууд агнуурын аж ахуйг маш сайн хөгжүүлсэн байдаг. Тэнд жилд агнах гахайны тоог зарласан байдаг. Ингэснээр тэр амьтнаа нэг талаараа хамгаалдаг. Нөгөө талаараа энэ чинь спорт. Манайд  ч гэсэн энэ талын аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй.

Тодруулга өгсөнд баярлалаа.

А.Баярмаа

Top