З.Энхболдын хүчирхийлэл, МАН-ын эсэргүүцэл

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

 

Зургаа дахь удаагийн парламент бүрдээд  хагас жил болжээ. Гэхдээ тэдний хувьд нэгэн асуудал өнөөдөр уламжлал болон тогтсон. Тэр  нь ирц бүрдэхийг хүлээх.  Өөрөөр хэлбэл байнгын хороо эхлэх цагаасаа 30 минут, чуулган эхлэх ёстой цагаасаа нэг цагаар хоцорч эхэлдэг болсон. Улмаар пүрэв, баасан гарагт чуулган 10 цагаас бус 11 цагаас эхэлдэг болсон.  Үдээс хойшхи чуулганы хуралдаан бол  14 бус 15 цагт эхэлдэг. Ангийн дарга “Хүүе хаая, чуулгандаа суугаарай, саналаа өгөөрэй” гэж ирээд л ирцийг арай чүү  бүрдүүлнэ.  Улмаар ингэж хэлэхээсээ залхсан бололтой үдээс хойшхи чуулганы хуралдааныг  үдээс өмнөх чуулганы ирцээр тооцох хүчингийн шинж чанартай тогтоол гаргасан юм.  Үүний улмаас өглөө ирцэндээ орсон гишүүд үдээс хойшхи хуралдаанд бараг оролцохоо байсан.  Улмаар үдээс хойшхи хуралдаанд 20-30 гишүүн орж, тэдгээр нь кнопчны үүргийг биелүүлэх боллоо.  Ийм байдалтайгаар цөөнгүй хуралдаан хуралдлаа.  Улс орны эрх ашигтай холбоотой шийдврийг 20 хүрэхгүй гишүүний саналаар шийдэх болсон. Тэдгээр 20 хүрэхгүй гишүүн санал хураалт болохоор кнопоо дарах гээд хэдэн тийшээ бужигналдаж гүйгээд л “хөөрхөн” юм болноо.

Тэгвэл үүнийг таслан зогсоох уриалгыг МАН гэнэт гаргаж, чуулганд суухгүй гэж гэдийлээ.  Кнопчин байхаа больцгоое гэсэн боловч ангийнхан нь тэднийг битгий цөөнхийн  шантаажаа битгий хийгээд бай хэмээн үл тоомсорллоо.  Угаасаа шантаажилж байж санасандаа хүрч байгаа болохоор хэнд нь ч бурууг өгч болошгүй.  

Агуулгын хувьд МАН зөв.  Нэгэнт л УИХ-ын гишүүд  сонгогчид бидний сонголтоор, иргэдийг  төлөөлөн ажиллаж байгаа болохоор АН, МАН, Шударга ёс эвслийн гишүүн  нь ч ёс зүйтэй байх учиртай юм.  Өөрөөр хэлбэл   өглөөний ирцэнд орсон гээд үдээс хойшхи чуулгандаа суухгүй байж хувийн ажлаа амжуулан яв гэж бид татварт мөнгө төлөөгүй, тэднийг цалинжуулаагүйг УИХ-ын гишүүд бүгд ухамсарлах ёстой.

Тэгэхээр  хэн хэн нь гэдийж, бас шантааж хийж чаддагыг би бүгдээрээ харлаа.  З.Энхболд дарга та хүчингийн шинж чанартай тогтоолоо  эхлээд хүчингүй болгочих хэрэгтэй юм.  Харин гишүүд ангийнхаа даргаа зовоогоод байлгүй өрөөндөө цаг хадаад, чуулган байнгын хороондоо идэвхитэй оролцож улс орныхоо хэргийг 74-үүлээ шийддэг болчих хэрэгтэй юм.  

Уг нь хэн  хэнийх нь ухамсарын л асуудал. Өөрөөр хэлбэл хэн, хэн нь үүргээ ухамсарлаад, хувийн амбицаа хойш нь тавиад улс орныхоо төлөө хичээх цаг болсон гэдгийг л төрийн эрх баригчиддаа сонгогчдын өмнөөс хэлчихье.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top