“Танан Гарьд”, МУИС-ийн багууд “Холбоодын цом”-ын аварга боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “TLG13” ТББ хамтран сагсан бөмбөгийн “Холбоодын цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг долоо хоногийн турш Спортын төв ордны “А” зааланд зохион байгуулж, өчигдөр дүнгээ гаргалаа. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй зургаан өрсөлдсөн юм. “Холбоодын цом”-ын тэмцээний эрэгтэйчүүдийн аваргын төлөө “Спрайт” хөгжлийн лиг болон Супер лигийн аварга “Танан гарьд”, “Эрдэнэдрийлинг RIGS” багууд өрсөлдөж, Монгол Улсын шигшээ багийн тоглогч Г.Ихбаяр, О.Ууганбаяр, Б.Мөнхболд, М.Отгонмөнх, Ц.Азбаяр нараар хүчээ зузаатгасан “Танан” өрсөлдөгчөө 65:64 буюу нэг онооны зөрүүтэй сөхрүүлж, дөрөв дэх удаагийн тэмцээний аварга боллоо. Харин хүрэл медалийг МСБХ-ны лигийн дөрвөн удаагийн аварга “Энержи Ресурс” компанийн “Харцага” хүртэв. Тэд өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга “Баянзүрх Буллз”-ыг 61:55-аар буулган авсан юм. Анх удаагаа өрсөлдсөн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай МУИС-ийн баг “Танан Импекс”-ийн бүсгүйчүүдийг 64:57-гоор хожиж, аваргалав. Хүрэл медалийн МУБИС-ийн баг хүртжээ.

“Холбоодын цом”-ын тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор “Танан Гарьд” багийн О.Ууганбаяр, МУИС-ийн Ч.Долгор нар тодорсон юм.  Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй бэлэгдлийн шигшээг тодруулсан бөгөөд эрэгтэйчүүдээс Б.Билгүүн (Баянзүрх Буллс), Б.Одбаяр (ER Харцага), Н.Золжаргал (Эрдэнэдрийлинг RIGS), Б.Батжавхлан (Эрдэнэдрийлинг RIGS), О.Ууганбаяр (Танан Гарьд), эмэгтэйчүүдээс Г.Отгонтуяа (Гурван тамир), Э.Чимиддолгор (МУБИС), Д.Ганзул (Танан импекс), Д.Жаргалан (МУИС), Г.Энхдэлгэр (Танан импекс) нар шалгарчээ.  

Мөн тэмцээний үеэр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос “Танан гарьд” багийн М.Дорждавга, ИНЕГ-ын “Буянт-Ухаа” багийн хамгаалагч Д.Нямдаваа нарт сагсан бөмбөгийн спортын мастер цолоор шагнасан байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top