AREVA-тай хамтрахад алдахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

Эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэн үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх боломж хомсдож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шаардлага урган гарч байгаа өнөө үед хүлэмжийн хий бага ялгаруулан эрчим хүч үйлдвэрлэх асуудал нэн тэргүүний зорилт болж байна. 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ 2008 онтой харьцуулахад 50% өснө гэсэн тооцоо гарч байгаа ба эрчим хүчний чулуун болон шатдаг нөөцийн хомсдол зайлшгүй бий болно хэмээн үзэж байна. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд эдийн засгийн хувьд хэмнэлттэй  эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болоход цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Манай улс 2000 оны дунд үеэс эхлэн эдийн засгийн огцом өсөлтийн тулгуур болоод байгаа уул уурхайн салбарын үр шимийг урьд өмнөөс илүү эрчимтэй хүртэж байгаа билээ. Оюутолгой, Тавантолгойн томоохон ордууд нь уул уурхайн салбар ямар их нөөц бололцоо агуулж байгааг харуулж байна. Нэн ялангуяа уран стратегийн чухал ач холбогдол бүхий ашигт малтмал билээ. Олон улсын атомын энергийн агентлагийн тоо баримтаар Монгол улс 49300 тонн ураны нөөцөөр дэлхийд 15-д эрэмблэгдэж байна. 2009 онд батлагдсан Цөмийн энергийн тухай хууль нь ураны салбараа хараат бус байлгах шинэ бодлого, стратегийн тулгуур болсон билээ.

Манай улс  ураны нөөц баялгаа олборлолт ашиглалтанд оруулж, Азийн зах зээлд цөмийн түлшний түүхий эд нийлүүлэгч болохоор төлөвлөж байна. Иймээс ураны ордын олборлолт, ашиглалтын төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах улсыг зөв сонгох нь маш чухал асуудал юм.

Одоогийн байдлаар Францын төрийн өмчит AREVA группээр дамжуулан Франц улстай гэрээ хэлцэл хийгээд байгаагаас гадна Орос, Хятад, Япон, Энэтхэг улстай хийжээ.

Цөмийн эрчим хүчний салбартаа дэлхийд тэргүүлэгч AREVA групп нь ураны хүдрийг олборлохоос авахуулан ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах хүртэлх бүхий л үйл явц, мөн цөмийн хөдөлгүүр зохион бүтээх, түүнд шаардагдах үйлчилгээг багтаасан цогц үйл ажиллагааг явуулдаг.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд  31 оронд 437 цөмийн станцууд ажиллаж байгаагийн 100 гаруй нь AREVA группийнх бөгөөд 5 тивд 51 олборлох үйлдвэр ажиллуулж байгаа ажээ. Энэ жил AREVA компани Монгол улстай хамтран ажилласны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд цаашид 30 гаруй жил хэрэгжих төсөл дээр ажиллаж байна.

 Анх 1996 онд ураны хайгуулын Кожеговь компани үүсэн байгуулагдаж, 2003 онд Дорноговийн Дулаан уул орчимд анхны нааштай үр дүн гарч нөөц байгааг баталгаажуулсан. 2009 онд Дулаан уулаас 30 км зайд Зөөвч Овоо ордыг илрүүлсэн бөгөөд хайгуулын ажлаа үргэлжлүүлэн явуулж одоогийн байдлаар 120 гаруй сая ам. долларын хөрөнгө оруулалтыг манай улсын ашигт малтмалын салбарт оруулаад байна. 200 гаруй ажилчдын 90% нь монголчууд, тэдний 30% нь орон нутгийн ажиллагсад ба цаашид ажилчдын тоо нэмэгдэхийн хэрээр энэхүү харьцаагаа хэвээр хадгална хэмээн компанийн удирдлагын зүгээс бодлого баримталж байна. Мөн үйл ажиллагаа явуулж буй аймгууддаа ажлын байр бий болгох, нийгмийн төслүүдийг санхүүжүүлж, нийгмийн хариуцлагад хувь нэмэр оруулахыг чухалчлан үзэж байгаа аж.

Уран олборлолтын хувьд бага агуулгатай элсэн дэх ордуудад ашиглагддаг ганц дэвшилтэт арга болох Газар доор уусган олборлох аргыг Монголд хэрэглэхээр төлөвлөж байна. Энэхүү арга нь байгаль орчин болон цацраг хамгааллын олон давуу талуудтай юм. Жишээ нь: олборлолтын үед хүдэртэй шууд харьцдаггүй учраас хүнд цацрагийн нөлөө харьцангуй бага, ил болон гүний уурхайтай харьцуулахад газрын хөрсийг харьцангуй бага хөнддөг, боловсруулалтын хаягдал гардаггүй, үйлдвэр нь жижиг оврын байдаг учраас олборлолтын дараа буулган нөхөн сэргээлт хийхэд хялбархан байдаг гэх мэт. Зарим хүмүүс энэхүү аргыг газрын гүний усанд хүчил уран нэвчих аюултай хэмээн үзэж байгаа боловч технологитой нарийвчлан танилцаад үзвэл тийм ч сенсаацлаад байхаар аймшигт зүйл харагдахгүй байна. Ер нь бид нэг талыг хэтэрхий барихаараа туулайн чинээ харыг уулын чинээ хар болгон, нөгөө талын өнгөтэй өөдтэй гялайх ганц ч зүйлийг дурдалгүй туйлширдагаараа онцлогтой хүмүүс. Нэг юмыг эсэргүүцэх амбиц нь хөдөлсөн бол буруу ч, зөв ч бай тэр чигээрээ дөргүй бух шиг зүтгэцгээдэг.  Иймээс заримдаа үгүйсгэх сэтгэлгээгээ жаахан хойш тавиад, асуудалд   уужуу тайвуухан бодитоор хандаж байвал аль аль талдаа хүндрэл бага үүсэх сайн талтай байж болохоор. (Газрын гүний усанд хэрхэн нөлөөлөх талаар зураг хавсаргав)


Казахстан улс 1996 онд AREVA-тай хамтран КАТКО компанийг байгуулан газар доор уусган олборлох аргын дэлхий дээрх хамгийн том уурхайтай болсноор тус улс ураны №1 үйлдвэрлэгч болоод байна.

AREVA компани байгаль орчны нөхөн сэргээлтэд онцгойлон анхаардаг ба уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж эхэлснээс хойш Франц, Габон, АНУ ба Канадад 400 сая гаруй еврог зөвхөн суурилуулалтаа буулгаж, нөхөн сэргээхэд зарцуулаад байгаа аж. (Нөхөн сэргээлт хийж байсан зураг жишээ болгон оруулав)


Д.Мягмарсүрэн

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зайлаа(182.160.34.92) 2014 оны 04 сарын 28

юу болоод энэ хор хөнөөлтэй компанийг сурталчилаад байна. Ямар учиртай юм бэ!!!!!

0  |  0
Top