Монгол улсын иргэдийн бүртгэл Цахим хэлбэрт орлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 18

“Цахим архив” төслийн систем хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааны нээлт:

Улсын бүртгэлийн газрын нэгдсэн системийг сайжруулах “Цахим архив” төслийн систем хүлээж авах ёслолын  ажиллагаа өчигдөр УБЕГ-ын I байрны хүндэтгэлийн танхимд боллоо. БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Ли Тэ Ру, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л. Амарсанаа, Сангийн яамны зээл тусламжийн бодлого үйл ажиллагааны дарга Б. Хүрэлбаатар, Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд хатагтай В. Удвал нар, гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүд болон бусад албаны хүмүүс оролцов.

 Ёслолын ажиллагааг Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын морин хуурч н. Түвшинжаргал  хуурын сайхан аялгуугаар  эхлүүлсэн юм.

Энэ төсөл нь Монгол улсын бүртгэлийн  үндсэн бааз суурьд үндэслэн иргэдэд хүртээмжтэй хурдан шуурхай, баримт бичгийн зөрчлийг  арилгах зорилгоор хийгджээ.  Цаасан суурьтай архивын баримт бичиг, хувийн хэргийг цахимжуулах зорилтыг улсын бүртгэлийн газраас дэвшүүлсэн аж.  

БНСУ-ын КОЙКА (Сонголосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага) 4сая ам долларын өртөг бүхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Улсын бүртгэл, мэдээллийн системийг сайжруулах Цахим архив” төслийг УБЕГ хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Уг төсөл хэрэгжсэнээр цаасан суурьтай 14 мянга гаруй архивын хадгаламжийн нэгжийг цахим хэлбэрт шилжүүлж, нэгдсэн мэдээллийн санд байршуулна. Ингэснээр иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг системтэйгээр удирдах нэгдсэн сүлжээ, програм хангамж, мэдээллийн сан бүхий орчин үеийн цахим архивыг бий болгох боломж бүрдэх юм байна.

 Мөн БНСУ-аас мэргэжилтэн ажиллуулах, УБЕГ-ын холбогдох мэргэжилтэн, инженерүүдийг сургалтанд хамруулах, төслийн туршилтыг хийх зэрэг ажлуудыг  амжилттай хэрэгжүүлж байгаа аж.

 

“Иргэний бүртгэл, мэдээллийн цахим сан”-гийн мэдээллийг цэгцлэх, Монгол улсын иргэний бүртгэлд байгаа нийт иргэдийн тоог нарийвчлан гаргах, төрийн бүртгэлийн системийн эх сурвалж үндсэн баазыг үнэн бодитой, найдвартай байх нөхцлийг бүрдүүлж улмаар “Нэг иргэн- нэг бүртгэл” гэсэн зорилт бодитоор хэрэгжих эхлэл тавигдлаа” гэж УБЕГ-ын  дарга Л. Амарсанаа  онцолж байлаа.

Мөн  төслийн хүрээнд хамтарч ажилласан зарим төлөөлөгчдөд УБЕГ-ын хүндэт тэмдэг болон дурсгалын зүйл гардуулсан юм.

Мэдээлэл, удирдах системийн ахлах программист Вон Чүн Шиг: “Системийн хувьд дотоод сүлжээний систем учраас гадагшаа мэдээлэл алдагдах боломжгүй. Хэрвээ мэдээлэл гадагшаа алдагдсан гэж үзвэл ажилчдаас тараасан гэж үзэх хэрэгтэй” хэмээсэн бол  “архивын санд байгаа материалуудыг  аймаг, сум, төрсөн эцэг, эхийнх нь нэрээр шүүж олдог. Үүнийгээ гурав дөрвөн дамжлагаар явж цахимжуулна. 600 хуудастай дэвтрийг 2 цаг скайнердэж оруулаад дараагийн дамжлаг руу явуулдаг” гэж архивын гэрээт ажилтан Л. Хишигжаргал  энэ үеэр хэлж байлаа.  

 Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top