Ө.Батжаргал: Хөтөлбөр маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гуравны нэгд хүрч чадсан

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17

Өнөөдөр Эрүүл Мэндийн Яамны хурлын танхимд “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн  тайланг танилцууллаа. Энэ үеэр “Хамт олон дунд сэргээн засах” хөтөлбөрийн менежер Өлзийгийн Батжаргалтай ярилцсан юм.  

            -“Хамт олон дунд сэргээн засах хөтөлбөр”-ийн талаар уншигчдад маань товч танилцуулна уу?

        -“Хамт олон дунд сэргээн засах хөтөлбөр” бол ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ -ын удирдлага дор дэлхий нийтээр хэрэгждэг юм. Харин энэ хөтөлбөр Монгол улсад 1991 оноос “Тэгш дүүрэн” нэртэйгээр хэрэгжиж эхэлсэн.  Тиймээс өнгөрсөн хорин жилийн хугацаанд дээрх хөтөлбөрийн үр дүнд  бид юу хийсэн, ямар хандлагатай байгаа, дэлхий нийтээс юугаараа түрүүлж, юугаараа хоцорч байна вэ гэдгээ өнөөдөр дүгнэж байна. Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүсийн үйл ажиллагааны тайлан гэж байдаг. Тэр тайланг анх удаа дэлхийн банкнаас Монголд өнөөдөр тавих гэж байна. Мөн цаашид “Хамт олон дунд сэргээн засах хөтөлбөр” –ийг орон нутагт ямар хувилбараар хэрэгжүүлэх вэ гэдгийг ДЭМБ-ын мэрэгжилтэн тайлбар хийнэ.

-Монгол улсад өнөөдрийн байдлаар  хөгжлийн бэрхшээлтэй хэдэн иргэн байна вэ?

-2010 оны хүн амын тооллогоор Монгол улсад 108 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгааг тогтоосон байдаг юм.

-“Тэгш дүүрэн” хөтөлбөр  монгол улсад хорин жил хэрэгжихдээ олон нийтэд хэрхэн нөлөө үзүүлснийг дүгнээд хэлбэл ?

-Олон нийтийн хандлага бол өнгөрсөн хорин жилийн хугацаанд маш их өөрчлөгдсөн.Үүний хамгийн энгийн жишээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдарч буй газартаа Ерөнхий боловсролын сургуульд сурах боломжтой болсон явдал. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 560 гаруй хүүхэд бусдын адил Ерөнхий боловсролын сургуульд сурч байна.Монгол улс “Хамт олон дунд сэргээн засах үндэсний хөтөлбөр”- ийн хүрээнд нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гуравны нэгд хүрч ажиллаж чадсан. Цаашдаа бүх хүмүүст тэгш боломж олгож хөтөлбөрт хамруулах зорилго тавин ажиллаж байгаа.

-Уг хөтөлбөрийн гол чиглэлд юу юу багтаж байгаа вэ?

-Хөтөлбөрийн үндсэн ажиллагаа таван чиглэлтэй. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд бусдын нэгэн адил амьдарахад эрүүл мэндийн тусламж хамгийн чухал байдаг. Дараа нь боловсролтой байх, хөдөлмөртөй байх,  амьжиргаагаа дээшлүүлэх ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох гэх мэт олон зүйл тэдэнд шаардлагатай. Тиймээс өөрийгөө нийгэмд таниулахын тулд аль нэгэн бүлэгт багтаж эсвэл өөртөө туслах бүлэг байгуулж хамт олноороо идвэхитэй оролцох боломжийг хөтөлбөрийн хүрээнд бий болгосон.

өгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл зүйг нь дэмжих тал дээр яаж ажиллаж байгаа  вэ?

Мэдээж тэгэлгүй яахав. Хамт олонд суурилсан хөтөлбөрийн үндсэн зарчим нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэртээ өвчнөө бодоод суугаад байх биш нийгэмдээ өөрийгөө таниулж бусаддаа нөлөөлөх чадварыг бий болгоход оршидог. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд  бид  хүнээс юм гуйх биш , өөрөө өөрийнхөө чадвараа харуулж, энэ нийгэмд дасан зохицох чадвараараа харуулах боломжийг нээн харуулах талаас нь маш их анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал энд хүрэлцэн ирсэн тэргэнцэртэй хүмүүс “хэзээ эмч ирж намайг үзэх бол”  гээд гэртээ суугаад байсан бол өнөөдрийн хурал зөвөлгөөнд оролцож, амьдралдаа урам зоригтой байж чадахгүй шүү дээ.Эдгээр хүмүүс энэ газар та бидэнтэй хамт байгаа нь сэтгэл зүйн хүчтэй байгаагийн илэрхийлэл болов уу.

өгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлийнхэн  “Тэгш дүүрэн” хөтөлбөрт ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?

Нэг жишээ ярья л даа. БГД-ийн иргэн  Жанаргүл гэдэг охиныг ээж нь үргэлж дагаж  явдаг байсан. Харин охин нь “Тэгш дүүрэн” хөтөлбөрт хамрагдсанаар өөрөө бие дааж сурахын зэрэгцээ гар урлал хийдэг болсон. Харин түүнийг нь харсан ээж нь хамтран гар урлал хийж үйл ажиллагаа өргөжүүлж байх жишээтэй.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top