Юань гүрний үеийн Монгол хатан, нярай хүүхдийн муми олджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 14


         Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас Юань гүрний үеийн монгол хатан, нярай хүүхдийн муми олдсон тухай өнөөдөр МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Археологи-Антропологийн тэнхмээс хэвлэлийнхэнд албан ёсны мэдээлэл хийлээ.

   Тус сумын Засаг дарга дөрөвдүгээр сарын 5-ны өдөр  албан бичигтэйгээ ирж “Дунд нурууны Шүүтийн хадны агуйд эртний хүний оршуулга давсан дотор байна. Ашиг хонжоо хайсан хүмүүс сүйтгэх аюултай болж байна” гэсэн мэдээллийн дагуу  МУИС-ийн НШУС-иас археологич, доктор У.Эрдэнэбат ахлагчтай судалгааны баг дөрөвдүгээр сарын 11-18-ны хооронд томилогдон ажиллаад иржээ.

   Уг олдвор дундад, эртний нүүдэлчдийн нас барагсдаа оршуулж байсан өвөрмөц зан үйл болох хадны болон агуйн оршуулгын соёлд багтах бөгөөд урьд өмнө ийм давсанд оршуулсан хадны оршуулга Монгол ба Азиас илэрч, судлагдаж байгаагүй ажээ. Судалгааны баг Монголдоо төдийгүй дэлхийн археологийн судалгааны түүхэнд ховорт тооцогдох олдворуудыг малтан шинжилж, авран хамгаалж чадсан юм.  Мөн Дунд нурууны Шүүтийн агуйгаас гадна Бургаст, Гозгор толгой гэдэг газар монголын дундад зууны үеийн хадны оршуулгын гурван дурсгалыг малтан шинжилсэн байна.

     Гозгор толгой гэдэг газраас Юань гүрний үеийн монгол хатныг дөнгөж төрсөн, нэхий өлгийд боосон нярай хүүхэдтэй нь оршуулсан байжээ. Улаан чий будагтай бүтэн модон аяга олдсон нь ёроолдоо дөрвөлжин үсгийн бичээстэй аж. Энэ нь уг аяганы эзний эхний үсэг байж мэдэх  бөгөөд одоогийн байдлаар “хиян” гэж уншигдаж байгаа нь залуу хатан Чингис хааны Алтан ургийн Хияд Боржигон хүн болж таарч байгаа гэв. Нэхий өлгийд өлгийдсөн Юань улсын үеийн дөнгөж төрсөн монгол хүүхдийн шарил бараг 800 жилийн туршид тэр чигээрээ хадгалагдан үлджээ. Энэ нь монгол хүний гарал удмын түүхийг генетикийн түвшинд судлах боломжийг олгож байгааг тэмдэглэн хэлэв. Булшийг ухаж, сүйтгэсэн хэдий ч эд өлгийн дурсгалын дотор Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох, манай улсад төдийгүй дэлхийд анх удаа биет байдлаар олдож байгаа ховор нандин олдворууд юм. Тухайлбал 13-14-р зууны үеийн монгол эхнэр хүний өмсөж байсан богтаг малгайн үлдэгдэл, брахми “ом” үсэгтэй элдэв-очир урласан бүтэн зэс хөөмөл чимэглэл, малгайн шанаавчин дээр сувдаар хэлхэж хийсэн сүйхэн чимэг, явуу, тана эрдэнийн унжлагатай зэс ээмэг, толь, шүдийг нь хугалсан модон сам олджээ. Шүүтийн агуйд давсан дотор оршуулсан гэх эртний хатмал шарилыг устгасан бөгөөд оршуулганд хэрэглэсэн гэрийн хана, модон эмээлийг эвдэж хаясныг авчран судалж байгаа ажээ.

   Бургаст гэдэг газраас олдсон хадны оршуулгаас 13-14-р зууны үеийн 60 гаруй настай хүний шарил ба цогцост  өмсгөсөн дээл хувцас, бүсний арал, нумын модны үлдэгдэл олдсон байна.

    Олдворууд нь монголын эртний түүхийг судлан боловсруулахад чухал түлхүүр болох төдийгүй Евразийн нүүдэлчдийн археологийн судалгааны түүхэнд нээлт болохоор байгаа юм. Монголын баялагт шунасан харийнхны гар хөл болж, хаа дуртай газраа ухуулж, ариун нандин гэх зүйлгүй болж байгаа энэ үед түүх соёлоо аварч үлдэхгүй бол монголчууд бусдаас ялгарах зүйлгүй болж, уламжлалт өв соёл, түүхийн үнэт зүйлсээ гээж, улс орон мөхөх аюултай гэлээ. Цаашид ийм үнэт олдворууд олдвол холбогдох хүмүүст яаралтай мэдэгдэж хадгалж, хамгаалахыг сануулж байв.

 Х.Заяа

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top