Сахилга алдсан дарга нарыг яагаад өмгөөлөөд байна вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 11

Хүүхдийг  мөнгө олох хэрэгслээ болгосон цэцэрлэгийн эрхлэгч нар олширсны жишээ 7, 6 дугаар цэцэрлэг дээр гарчээ. Хотдоо төдийгүй улсад ч байхгүй усан бассейнтай 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.Ичинхорлоо хүүхдүүдийг бассейнд оруулсан гэж төлбөр хурааж авчээ. Улсаас тэдэнд зориулж барьсан байгууламжийг хувийнхаа хөрөнгө мэт бодож нэг хүүхдээс 1500 төгрөг, нийт 1 сая 500 мянган төгрөг нэхэж авсан байна. Эрхлэгч Ч.Ичинхорлоогийн ажилд аймгийн Аудитын газраас санхүүгийн шалгалт хийхэд нийтдээ  7 сая 318 мянган төгрөгийг эцэг эхчүүдээс хурааж, түүнийгээ дур мэдэн зарцуулсан болох нь илэрчээ. Энэ оны хичээлийн шинэ жил эхлэхэд, хүүхэд бүрээс 8-10 мянган төгрөгийн хандивыг “ХАС” банкинд цэцэрлэгийнхээ нэр дээр данс нээж, шууд тушаалгасан. Уг үйлдэл нь төрийн байгууллагын Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж  Аудитын байгууллага дүгнэсэн аж. Тус банкинд нийтдээ 2 сая 341 мянган төгрөг цуглуулж, цэцэрлэгийн тохижилтод зарцуулсан хэмээн тайлан гаргасан байдаг. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ч.Ичинхорлоогийн дээрх ажлыг буруутай гэж үзэн, мөнгөн торгууль тавиад өнгөрчээ. Боловсролын тухай хуульд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч төдийгүй багш нар хүүхдийн ар гэр, асран хамгаалагч нараас мөнгө татахыг хориглосон. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд сургууль, цэцэрлэгийн Удирдах зөвлөлөөр асуудлыг хэлэлцэн эцэг эх, асран хамгаалагч нартай харилцан зөвшилцсөний үндсэн дээр тодорхой хэмжээний мөнгийг хураахыг зөвшөөрдөг. Гэхдээ энэ ажилд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар шууд болон шууд бусаар оролцохыг хориглосон байна. Гэтэл үүнийг Ч.Ичинхорлоо эрхлэгч харин ч нь дураараа зөрчиж эцэг, эхээс хураасан мөнгийг баруун солгойгүй цацсан байх юм. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг хариуцаж эцэг эх, асран хамгаалагчдын нуруун дээрх ачааг нь хөнгөлсөөр байхад энэ эрхлэгч хүндрүүлж, ачаа нэмээд байгааг үнэндээ ойлгоход бэрх байна.  Төрөөс хүүхдийг үнэ төлбөргүй хооллож ундлан, харж асарч бай гэж гаргаж өгсөн цэцэрлэгийг хувийнхаа компани шиг бодож, мөнгө олох хэрэгсэл болгоод байгаа Ч.Ичинхорлоо эцэг эхчүүдээс нийтдээ 7 сая 318 мянган төгрөгийн хандив, тусламж авч, өөрөө дур мэдэн зарцуулжээ.

 

Мөн 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Сансартуяагийн талаар багш ажилчид нь гомдол гаргаж, ёс зүй болон, хувийн сонирхолтой холбоотой есөн зүйл асуудлыг шалгаж өгөхийг аймгийн Аудитын газар тавьсан байна. Ёс зүйтэй холбоотой асуудлыг аймгийн Боловсрол соёлын газар шилжүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин санхүүтэй холбоотой асуудлыг Аудитын газар шалгасан. Аудитын дүнгээр эрхлэгч Х.Сансартуяа нийт 2 сая 101 мянган төгрөгийн алдаа гаргаж, 1 сая 151 мянган төгрөгийн алдааг материаллаг гэж үзсэн байна. Уг дүгнэлтээр цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч харилцагч байгууллагуудын төлбөрийг бэлнээр авч зарцуулах зэрэг зөрчил гаргажээ. Мөн туслах багш З.Цэцэгмаагийн нэг нас гурван сартай хүүхдийг цэцэрлэгт авахдаа 100 мянган төгрөгийн хахууль авсан байна. Дээрхээс гадна хамт олноо удирдах чадваргүй, ёс зүйн алдаа гаргаж байсан аж.

Хүүхдийн байгууллагад тэдэнд хайртай, хүмүүжил, эрүүл мэндэд нь сайн сайхан зүйл бүтээх сэтгэлтэй хүмүүс ажиллах ёстой байтал зөвхөн зоосны нүхээр хүүхдийн ирээдүйг харсан нөхдүүд байгаа нь харамсалтай. Боловсролын тухай хуулиар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг сумын Засаг дарга томилж, чөлөөлөх ёстой. Манай аймагт дээрх хоёр цэцэрлэгийн удирдлагыг тойрсон зөрчлөөс гадна 23 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг Аудитын байгууллага шалгаж байгаа юм. Дээрх хоёр цэцэрлэгийн удирдлагыг санхүүгийн зөрчил гаргасныг хяналтын байгууллага шалгаж тогтоочихоод байхад, яагаад ажлаас нь өөрчлөхгүй байна вэ гэдэг хачирхалтай. Баян-Өндөр сумын Засаг дарга С.Жаргалсайхан 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Сансартуяатай найз нөхдийн холбоотой учраас хаацайлаад сууна гэж нэгэн телевизээр мэдээлсэн. Мөн захирал, эрхлэгч нарыг ажлаас халчихаар шүүхэдсээр байгаад эргээд томилогдчихдог. Тэгэхээр би илүү ажил хийгээд яахав гэсэн байр суурийг С.Жаргалсайхан дарга илэрхийлсэн нь хамгийн тэнэг хариулт болоод байна. Сумын Засаг дарга С.Жаргалсайханд Боловсролын тухай хуулиар цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх эрх олгосон. Гэтэл тэрбээр хуулийн зүйл заалтыг тодорхой заасан үндэслэлгүйгээр захирамж гаргаснаас болж талууд шүүхийн үүдэн дээр болзоход хүрдэг. Хэрвээ засаг даргын захирамж хуульд нийцсэн, тодорхой үндэслэлтэй байвал шүүх С.Жаргалсайхан даргын захирамжийг тэр бүр буцаагаад байхгүй байлгүй. Ажлаа мэдэхгүйн жишээ л энэ болов уу.  Энэ мэтчилэн дураараа авирладаг байгууллагын удирдлагуудыг өөгшүүлдэг сумын даргатай байхад, сургууль, цэцэрлэгээс сайн сайхан ажил үйлсийг мэдрэхгүй юм байна. Бид ингэхэд хүүхдээ ямар шуналд автсан бэрдүүдийн гарт өгөө вэ. Тэдний минь хоолны мөнгөнөөс зарим нэг дарга нар нь хумсалж суугаа гэдэгт мөрийцөхөд ч алдахааргүй юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top