“Утаагүй түлш”-ний үйлдвэр барих ажил дуусах шатандаа орлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08


          Монгол улсын Засгийн газраас нийслэлийн утааг багасгах зорилгоор утаагүй түлш үйлдвэрлэх үйлдвэр хэд хэдийг байгуулж байгаа. Жилдээ 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай Дулааны II цахилгаан станцыг түшиглэн барьж байна. Энэхүү ажлыг “Амеро интернэшл” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 80 гаруй хувьтай байна. Түлшний үйлдвэр барихаар нүүрсний хэрэгцээ нэмэгдэнэ. Иймд хуучин талбайныхаа хэмжээг томруулах шаардлагатай гэнэ. Нийт 16 тэрбум төгрөгийн төсөвтэй түлшний үйлдвэр гурван цогцолбор ажээ. II цахилгаан станцын тоног төхөөрөмж хуучирч  муудан, эвдрэл гэмтэл их гардаг. Мөн сүүлийн жилүүдэд ачаалал нэмэгдсэнээр эвдрэл гарах нь ихэссэн.  Тиймээс утаагүй түлш боловсруулах үйлдвэр барьж байгаатай холбоотойгоор тус станцын хуучин төнөг төхөөрөмжийн ихэнхийг шинэчилжээ.  Хоёр зуухны нэгийг нь бүрэн шинэчлэлт хийсэн байна. Мөн нүүрс бутлагч, гэрэлтүүлэг зэрэг станцын үйл ажиллагааг жигд, эвдрэл сааталгүй явуулахад шаардлагатай олон ажлыг түлшний үйлдвэр барихтай зэрэгцүүлэн засаж, сэлбэж, шинэчилж байна.Утаагүй түлшний үйлдвэрийг ирэх есдүгээр сарын 30-нд бүрэн ашиглалтанд оруулах ёстой. Харин “Аморе интернэшл” компанийн ажилчид долдугаар сардаа багтаагаад ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэйгөө хэлж байна. Ирэх өвлөөс өмнө нөөцийн түлшээ бэлтгэчихвэл Улаанбаатарчууд бид утаагүй өвөлжих нээ. Утаагүй түлшний түүхий эд нь хагас кокжсон нүүрс, үнс барьцалдуулах бодис буюу шингэн шил юм. Энэ гурван түүхий эдээс бүтсэн түлш нь түүхий нүүрснээс илчлэг сайтайг туршилтаар тогтоосон байна. Мэргэжилтнүүд энэхүү түлшээ өвөл гэр хорооллын айлуудад өгч туршилтаа хийжээ. Энэхүү түлшний үйлдвэрийг барих техник технологийг ОХУ-д захиалж хийлгэсэн байна. Тус үйлдвэрийн зөвлөхөөр орос инженерүүд ажиллаж байгаа юм. Утаагүй түлшний төслийн ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалт ОХУ-ын “Сибтермо”компанитай түншлэл болон оролцож, шалгаран  төслийн ажлыг гүйцэтгэх гэрээг 2010 оны долоодугаар сард ЭБЭХЯ-тай байгуулсан. Уг төслийн ажлын онцлог нь утаагүй түлш үйлдвэрлэхийн тулд станцад ашиглагдаж байгаа цагт 75 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай БКЗ-75 маркын зуухыг өөрчилж, цагт найман тонн хагас кокс гаргаж авахын зэрэгцээ уурын үйлдвэрлэлийг хадгалан үлдэж байгаа технологид байгаа юм.  Төслийн ажлын гэрээ батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хийгдсэн “Энэ үйлдвэр нь технологийн дагуу коксыг барьцалдуулагч гол түүхий эд нь шил гэж тооцсон. Үйлдвэрийн хүчин чадлаас шалтгаалан сард 27 вагон шингэн шил шаардагдах тооцоо гарч байгаа. Бид шингэн шилний үйлдвэр барилгүйгээр түүхий эдээ гаднаас авч болох байсан. Гэвч өвлийн улиралд гаднаас тээвэрлэхэд шингэн шил царцахаас гадна  найрлагын 40 хувь нь ус учраас эдийн засгийн хувьд ихээхэн алдагдалтай байнга тулгарах сөрөг талтай байсан. Тиймээс бид шингэн шилний бага хэмжээний үйлдвэр барьсан. Энэ нь хүний хөдөлмөрийн бага шаардагдах технологитой, бүрэн автомат төдийгүй Монголдоо анхдагч” хэмээн мэргэжлийн хүн хэлж байна. Утаагүй түлш үйлдвэрлэж үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах үед нийслэлийн гэр хорооллын 20 гаруй хувийг хангах судалгаа гарчээ.     

 Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top