“Уол Март” хахуулийн хэргээ нуухыг оролджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25


Америкийн сүлжээний хамгийн том дэлгүүр болох “Уол Март” хөрш Мексик улсад өргөжих явцдаа шаардагдах зөвшөөрөл авахын тулд 24 сая долларын хахууль өгснөө нууж байжээ. Энэ талаар ”Нью Йорк Таймс” сонин нийтэд  танилцуулснаар Засгийн газар саяхнаас хэрэг үүсгээд байна. Бүр 2005 онд “Уол Март Де Мексико” дэлгүүрийн өргөтгөлийг хариуцаж байсан хуульч нь  компанидаа и-мэйл илгээж хэнд, хэзээ, хэдийг төлснөө мэдээлэхэд дотоод хяналтын байцаагчид нь очиж шалгаж байжээ.

Байцаагчдын ахлагч гүнзгийрүүлж шалгах хэрэгтэй гэж зөвлөсөн ч Арканзасын Бетонвилльд байдаг төв байрны удирдлагууд нь шалгалтыг хааж орхижээ.  Тэд компанид нь бизнесийн хохирол учруулаагүй гэж үзээд хоёр орны алиных нь ч хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй орхисон гэж одоо тайлбарлаж байгаа аж.   

Харин Засгийн газар “Уол Март”-ыг АНУ-ын болон Мексикийн авилгалын эсрэг хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгаж эхлээд байна. Америкийн компаниудыг гадаад оронд хахууль өгөхийг 1997 оны хуулиар хориглосон юм байна. Энэ хуулийн дагуу Мексикийн цахилгааны компанийн удирдлагад завь, “Феррари” машин, бусад зүйлээр хахууль өгсөн Калифорнийн компанийг  өнгөрсөн жил шийтгэж байжээ. Мөн Мексик ба Панамын төрийн албаныханд хахууль өгч байгууллагынх нь онгоцыг засах гэрээ хийсэн “Бизжет” компанийхан өнгөрсөн сард 11.8 сая доллар төлөхөөр тохиролцоод байна.

Гэтэл мексикчүүдийн хувьд албан тушаалтнууд байнга хахууль авдаг тул америкчуудын өгсөн хахуулийн хэмжээ нь л өндөр санагдсанаас өөр юмгүй. Хүнсний бүтээгдэхүүн худалдагч Карлос Салас “Америкчууд хяналтын албаныханд хахууль өгөх муу аргыг энд сурсан байх аа” гэв. Гарсиа гэдэг хувиараа хөдөлмөр эрхлэгч “Байцаагчид эхлээд  зарим зүйл гайгүй гэдэг. Дараа нь энэ нэг юмаа зас гэдэг. Тэгээд тэднээс салахын тулд  50-100 доллар өгдөг” гэж ярив.

Мексик улс өнгөрсөн жил авилгалын зэрэглэлээрээ 183 орны 100 дахь дугаарт жагссан юм. Хэдийгээр 1994 онд Хойд америкийн худалдааны чөлөөт хэлцэлд нэгдсэн ч эдийн засгийн хөгжил нь дээшлээгүй аж. “Глобал Файнэншл Интегрити” төвийн судалгаа  1970-2010 оны хооронд гэмт хэрэг, авилгал, татварын булхай зэрэгт Мексикийн эдийн засаг 872 тэрбум доллар алдсаныг харуулдаг.

Мексикийн улс төр судлаач Луис Карлос Юдалге “Бид авилгалыг бүхэлд нь шинжин илрүүлж, саад тотгорыг арилгаж чадах сайн хуультай. Гагцхүү  жинхэнэ авилгалын ертөнцөд хэрэгжихгүй байна” гэж нэгэн өгүүлэлдээ бичжээ.

“Нью Йорк Таймс” сониноос авав.

А.Гэрэл

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top