Г.Байгалмаа: Эмэгтэйчүүдээ дэмжинэ гэчихээд эсрэг санал өгчихдөг гишүүн байдаг л юм билээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 05

Монголын ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаатай жендерийн харьцааны талаар ярилцлаа.

-Эмэгтэй хүн гэрийн тулганаас дээш гарч болохгүй гэх сэтгэлгээ хэр өөрчлөгдсөн бол. Энэ нь жендерийн харьцаа алдагдахад нөлөөлж байгаа болов уу. Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь ямар байна вэ?

-Жендерийн харьцаанд манайхны уламжлалт сэтгэлгээ нөлөөлж байгаа нь үнэн. Нөгөө талаас жендер гэж ярихлаар эмэгтэйчүүдийн асуудал юм шиг ойлгодог болжээ. Эмэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмж нийгэмд муу байна. Улс орон, гэр бүлийн хүрээнд эмэгтэй хүн зүгээр сууна гэж байдаггүй. Байнга л ямар нэгэн зүйл хийж явдаг. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх ёстой гэдэг шиг энэ бүгдийг эмэгтэй хүний хийх л ажил, үүрэг мэтээр хүлээн авч байна.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой үгүйлэгдэж байна гэдэг?

-Дандаад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү оновчтой шийдвэр гаргадаг гэж ойлгож болохгүй. Томоохон асуудалд эрэгтэйчүүд алсын хараатай шийдвэр гаргадаг нь үнэн. Гэхдээ жижиг зүйлийг орхигдуулснаар тэр нь аажмаар томоохон асуудал болж дэгддэг. Энэ бүхнийг эмэгтэйчүүд олж харахдаа эрчүүдээс арай илүү байдаг юм. Эмэгтэйчүүдийг шал шал гэсэн яриатай хэмээн шүүмжилдэг тал бий. Гэтэл тэр яриад байгаа зүйлд нь эрчүүдийн олж хараагүй асуудал бас байдаг юм. Тэр дотроос хэрэгтэй зүйлийг нь авч, бодит ажил болговол асуудлыг шийдэхэд дөхөм болно. Яахав ирэх сарын нэгний өдрөөс Жендерийн тэгш байдлын тухай хууль хэрэгжихээр иргэд арай өөр түвшинд хүлээн авна гэдэгт найдаж байна. Жендер гэж ярихаар нөгөө эмэгтэйчүүд чинь албан тушаал булаацалдлаа гэсэн яриа байдаг. Энэ бол тийм зүйл биш. Хамгийн гол нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэйг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Эмэгтэйчүүддээ итгэл үзүүлээд үзээч. Тийм учраас итгэл үзүүлэх, итгэл даах гэдэг асуудал их чухал гэж боддог.

-Улс төрд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага учраас жендерийн харьцаа алдагджээ. Тэгвэл улс төрд бэлтгэгдсэн хүүхнүүд хэр олон байна вэ?

-Эрчүүд байтугай эмэгтэйчүүд наад асуултыг их тавьдаг. Ер нь байгаа юм уу гэж. Энэ нь эргэлзэж байгаагийн нэг илрэл. Уг нь зөндөө хүүхнүүд байгаа юм. Бүх салбарыг хүн бүр сайн мэдэхгүй. Салбар бүрт өөрийн гэсэн орон зайг бий болгосон чадалтай, чадвартай хүүхнүүд байна. Тэднийг гаргаж ирэх, олонд таниулах зүйл л учир дутагдалтай байна. Сонгуулийн үед эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй нь “мөргөлдүүлэх” нь ч их байна. Үнэхээр л эмэгтэйчүүдээ дэмжих гэж байгаа юм бол Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан шиг дэмжээд өгөөч. Үгүй бол дэмжихгүй гэдгээ шуудхан хэлчих хэрэгтэй.

-Шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүд байна гэлээ. Гарч ирэхгүй байх шалтгааннь өөр юу вэ?

-Эмэгтэйчүүд бий гэдгийг бардам хэлж байна. Тэднийг гаргах юм сан гэж боддог. Гэтэл манай эрчүүд дэмждэггүй. Эмэгтэйчүүдээ дэмжих асуудал хаана шийдэгдэх вэ гэвэл Улсын их хурал дээр. Их хурлын 76 гишүүний гурав нь эмэгтэй. Тооны харьцаа, хүйсийн харьцаа ямар байгааг эндээс харж болно. Их хурлын эрэгтэй 73 гишүүнээс жендерийн харьцаа алдагдсаныг хүлээн зөвшөөрч, эмэгтэйчүүдээ дэмжихийг үнэн сэтгэлээсээ хүсдэг нэг хэсэг байна. Гэтэл хүлээн зөвшөөрдөггүй хүн ч бий. Бас эмэгтэйчүүдээ дэмжинэ гэчихээд санал хураах үед эсрэг кноп дарчихдаг гишүүн байдаг л юм билээ. Тухайн үеийн байдал нөлөөлсөн үү эвсэл хоёр нүүртэй хүн гэдэг шиг эмэгтэйчүүдийг харахлаар цэцэг, цэврүү шиг та нарыгаа дэмжилгүй яахав гэчихээд цааш харахаараа өөр бодолтой болчихдог. Энэ байдлаас яаж гарах юм бол. Нэг л өдөр энэхүү сэтгэлгээг өөрчлөнө гэж байхгүй. Уг нь УИХ-д 15 эмэгтэй гишүүн байх юм бол эмэгтэйчүүдийн төлөө хийх зүйл нь илүү тодорхой, бодитой болох юм. Өнөөдөр их хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл байхгүй биш байна. Гэтэл тэр гурван эмэгтэйн дуу хоолой хаана ч хүрэхгүй байна. Тийм учраас эмэгтэйчүүдээ дэмжих гэж байгаа бол квотын асуудлыг нь шийдээд өгөх хэрэгтэй ш дээ.

-УИХ-д суудалтай гурва эмэгтэй гишүүн маань жендерийн асуудлаар хэр дуугардаг юм бол?

-Бид чинь нам харгалзахгүй эмэгтэйчүүд гэдэг утгаараа уулздаг. Цаг нь дөхсөн үү. Д.Оюунхорол гишүүн нэлээд зүйл ярьж байгаа. Ер нь гурвуулаа энэ асуудлаар ярьж байна. Харин яаж дэмжихийг нь бүү мэд.

-Өмнөх сонгуулиудад эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж ирсэн гэж боддог вэ?

-Өмнөх сонгуулиар хорин хувийн квот биш юм гэхэд хорин хувийн боломжийг хүүхнүүдэд олгож ирсэн. Манай АН 12-15 эмэгтэйг сонгууль бүрээр нэр дэвшүүлдэг. 2008 онд арван хоёр эмэгтэй нэр дэвшсэн ч гарч чадаагүй. Дараа нь ингээд л та нар гарч чаддаггүй гэдэг л дээ.

-Сонголтыг сонгогчид хийнэ. Иргэд эмэгтэйчүүдийг сонгохгүй байна. Гэтэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд хэрэгтэй байдаг. Тэгээд одоо яах вэ?

-Хоёр талтай юм даа. Хүчээр эмэгтэйчүүдэд санал өг гэж болохгүй. Нөлөөллийн үйл ажиллагаа үүнд мэдээж чухал. Яагаад ч юм эмэгтэйчүүдэд бүрэн итгэхгүй байна. Эрэгтэй хүн төрийн хар хүн байх ёстой. Харин эхнэр хүн ар гэрээ авч явах үүрэгтэй гэсэн сэтгэлгээтэй холбоотой. Эмэгтэй хүн үндсэн ажлаа хийлгүй яахав. Гэхдээ гүйцэтгэх албан тушаалд өнөөдөр эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна. Эмэгтэйчүүд аль алийг нь хийж чадна гэдгийг харуулаад байгаа хэрэг. Бид чинь хуулийн доор амьдардаг хүмүүс. Хэрэгжиж байгаа хууль учир дутагдалтай учраас өнөөдрийн нийгэм хүнд байна. Эрчүүд уул уурхай, улс орны хэтийн төлөв гээд алсыг харсан зүйл их ярьдаг. Зөв л дөө ярих ч ёстой. Гэтэл нийслэлийн энэ их утааг яах вэ. Гэнэт л өвөл болж байгаа юм шиг утаагаа ярьж эхэлдэг. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгааг бүгд мэдэж байгаа. Нийгэмд үүсээд байгаа энэ мэт сөрөг үзэгдэлд эмэгтэй хүний нарийн ухаан хэрэгтэй байдаг юм. Улс орны хөгжлийн суурь гэр бүлийн амьдрал ямар байгаагаас шалтгаална. Утаатай байна гэдэг чинь ядуурал газар авсны тод жишээ. Байр орон сууцанд орох гэхээр цалинаас өөр орлого байхгүй. Цэцэрлэг хүрэлцдэг байсан бол хоёр хүүхдээ өгчихөөд ажил хийх хүсэлтэй эмэгтэйчүүд олон бий.

-Олон зүйл дээр эмэгтэйчүүдий нэрх зөрчигдөж байна. Наад зах нь эмэгтэйчүүд эрчүүдээс бага орлоготой байна. Хүчирхийлэлд өртөж байгаа иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Өрх толгойлсон иргэдийн мөн олонхи нь эмэгтэйчүүд гээд...?

- Энэ бүхэн нөгөө л жендерийн асуудалтай холбоотой. Тэгээд л шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд байх ёстой гэж хэлээд байгаа юм. Хүнд хүчир ажилд эрчүүд ажилладаг. Уул уурхай дагасан ажил цалин өндөр байхаас өөр аргагүй. Багш, эмч нарын дийлэнх нь эмэгтэйчүүд. Бас л ялгаагүй тийм ч амар ажил биш. Өнөөдөр улс төрд эмэгтэйчүүд дутагдаж байхад эрүүл мэнд, боловсролын салбарт эрчүүд үгүйлэгдэж байна. Тийм учраас үүнд аль нэг нь дарга, цэрэг байх ёстой гэсэн байр сууринаас хандаж болохгүй.

-Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Жендерийн тухай хууль хэрэгжинэ. Амьдралд хэр нийцсэн хууль болов?

-Үнэхээр л хэрэгжүүлж чадах юм бол эмэгтэйчүүдийн тэгш оролцоог сайн хангасан юм билээ. Шат шатны түвшинд нь. Гэхдээ УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувийг оруулаагүй. Яагаад гэвэл Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох гэж байна. Тиймээс эмэгтэйчүүдэд ногдох квот, жендерийн харьцааны асуудал яригдах учраастусгаагүй юм билээ. Мянганы хөгжлийн зорилтод уг нь 30 хувиас доошгүй байна гэж оруулсан байдаг.

-Сонгуулийн хуулинд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг хэрхэн тусгах шинжтэй байна вэ?

-Эхлээд ярьж байхдаа 30 хувь гэж байсан. Харин одоо УИХ-ын 76 гишүүн эр, эмгүй 20 гэсэн хувь дээр тогтоод байна. 20 хувь гэдэг маань 76-гийн 15 нь. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг дээ. 20 хувийг би хувьдаа чамлахгүй, байж болно гэж үздэг. Үнэхээр бүгд сонгогдож чадвал шүү дээ.

-Улс төрч эмэгтэйчүүдийг бид төмөр хатагтай гэж ярьдаг. Үнэхээр нэг улс, нэг байгууллага толгойлоход ийм байхыг эмэгтэйчүүдээс их шаардана биз?

-Эмэгтэй хүнийг бүх талаар тэгш, төгс төгөлдөр байхыг бүгд хүсдэг. Хүн л юм чинь алдах үе гарна. Гэтэл өмсөж, зүүснээс нь эхлээд өөлж харна. Харин ч эмэгтэй хүн толгойлдог байгууллага хамгийн их эмх цэгцтэй байдаг юм. Дээр нь эмэгтэй хүн улс төрд байх нь нэг ач тустай гэж боддог. Эмэгтэй хүнд би нэг зүйл зохицуулах гэсэн юм гээд элдэв лобби хөөж халдах хүн бараг л байдаггүй юм.Тийм болохоор шийдвэр гаргах түвшинд хээл, хахууль багасах болно. Гэтэл өнөөдөр хээл хахуулиараа Монгол улс тэргүүлэх болжээ. Мэдээж эмэгтэй хүн улс төрийн замыг сонгосон л бол хамгийн түрүүнд сэтгэлийн хаттай байх ёстой юм билээ.

-Сонгуулийг 28:48 гэсэн холимог тогтолцоогоор явуулахаар болж байх шиг байна. Ингэх нь эмэгтэйчүүдэд хэр ээлтэй вэ?

-Бараг л тогтоод байгаа. Үүнд намууд ямар шийдвэр гаргах нь хамгийн чухал асуудал болно. Халгаатай гэж шууд хэлж бас болохгүй. Пропорциональ тогтолцоогоор явж байгаа тохиолдолд тухайн нам ямар шийдвэр гаргах, эмэгтэйчүүдэд ногдох квотыг хэрхэн хуваарилах, нэрсийг хэрхэн байрлуулах зэргээс шалтгаална.

-Энэ тухай танай Ардчилсан нам ярьж байгаа юу?

-Шийдвэр гаргасан зүйл алга. Сонгуулийн хуулийн төсөл яригдаж байна. Хууль батлагдсаны дараа уг асуудал яригдана. Сонгуулийн хууль батлагдаагүй байхад та нарыг ингэнэ, тэгнэ гэж ярих боломжгүй байх л даа.

Ш.Ундармаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top