Индианагийн их сургуульд орон орны оюутнууд Цагаан сар тэмдэглэв

3 цагийн өмнө

АНУ-ын Индианагийн их сургуулийн Монгол нийгэмлэг, Төв-Евро-Ази судлалын тэнхим, Монгол Оюутны холбооноос жил бүр зохион байгуулдаг Монголын Цагаан сарын баяр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээг Төв-Евро-Ази судлалын тэнхмийн эрхлэгч н.Өнөр нээж үг хэлжээ.

Тус сургуулийн Монгол хэлний салбарын оюутнууд монгол ардын дуу "Цагаан сар", буриад ардын дуу "Алтаргана", халимаг ардын дуу "Ээжийн дуун" зэргийг дуулж, оюутан Даниел морин хуурын аялгуу гоцлон тоглож, Жошуа Симс, Антон Ермаков нар халх монгол болон буриад аялгаар хаврын тухай шүлэг уншиж, нийтээрээ  "Журай гэлдэн" бий биелгээ бүжиглэж, монгол хувцасны загвар үзүүлсэн байна. Монгол хэлний анхны жилийн оюутан Жулия, Хулан нар баруун монгол ардын дуу "Багын зан", буриад ардын дуу "Алтаргана" дууг дуулж, оюутнууд Монголын олон ястны дуу хуур, бүжиг наадам, ёс заншлыг танилцуулсан үзүүлбэр үзүүлжээ. Монгол үндэсний хоол бууз, хуушуур,  зууш, боов боорцог, сүүтэй цайгаар дайлсан хүндэтгэлийн арга хэмжээнд тив, тивийн олон орноос Индианагийн их сургуульд ирж монгол хэл сурч байгаа оюутнууд туйлаас баяртай оролцож, монгол хэл, соёлыг сонгон суралцаж байгаагаараа ихэд бахархаж буйгаа илэрхийлжээ. Уг арга хэмжээ хилийн чинадад, тив тивийн оюутнуудад монгол хэл, соёл, уламжлал, ёс заншил, ахуйг таниулж сурталчилсан ёслол төгөлдөр үйл ажиллагаа болсон байна.

Индианагийн их сургуулийн Блүүмингтон салбар нь АНУ дахь Монгол судлалын гол төв юм. Индиана мужийн Блүүмингтон хотод байрлах уг сургууль 1820 онд байгуулагдсан нийт найман кампус,110 мянга гаруй оюутантай улсын томоохон сургууль бөгөөд Mонгол хэл, судлалын чиглэлээр 1961 оноос хойш 65 дахь жилдээ ажиллаж буй баялаг туршлагатай, энэ чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох бүрэн хэмжээний хөтөлбөртэй АНУ дахь цорын ганц сургууль ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top