СУРВАЛЖИЛГА | Ааруулаар зассан тавгийн идээ 350-550 мянган төгрөгийн үнэтэй байна

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Ирж буй Сар шинийн баярыг угтан цагаан идээ, айраг, сүүг малчны хотноос нийслэлчүүдийнхээ баярын хэрэгцээнд зориулан нэг дороос худалдан авах боломжтой цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ удаад Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдаж буй цагаан идээний үзэсгэлэн худалдаанаас сурвалжилга бэлтгэлээ. 

 

 

БИДНИЙ ХУВЬД ЗУН БОЛОН НАМРЫН САРУУДААС ЭХЛЭН БЭЛТГЭЛ АЖЛАА ХАНГАЖ ЭХЭЛДЭГ

 

Завхан аймгийн Улиастай сумын "Мөнхбазар" хоршооноос оролцож буй иргэн Б.Алтантуяа: 

Хэдэн хэдэн төрлийн бүтээгдэхүүнтэй ирснээс одоо үхэр болон хонины махан бууз, банш, дөрвөн төрлийн Солонгос хоолны бэлдэц, үхэр болон хонины гүзээтэй ирсэн. Одоо бууз болон хоёр төрлийн хоолны бэлдэц л үлдээд байна. 

Өнгөрсөн жилийн хувьд Их Наяд дээр үзэсгэлэнд оролцсон. Энэ жил Тусгаар тогтнолын талбайд гарч байна. Хүмүүс ихэвчлэн цагаан идээ авахаар ирж байгаа учраас бүтээгдэхүүнүүдээс маань эхлээд амсах маягаар авч яваад иргэж ирээд их хэмжээгээр авах тохиолдол их байна. Худалдан авалтын хувьд сайн байна гэж харж байна. 

 

 

 

Архангай аймгийн Их Тамир сумаас оролцож буй иргэн Б.Даваасүрэн: 

Би 2015 оноос хойш энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Энэ жилийн хувьд худалдан авалт өнгөрсөн жилүүдийнхээс сул байна уу даа гэж харж байна. Үнийн хувьд зарим нэг төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдснээс бусдаар хуучин үнээрээ худалдаалж байгаа. Бүх төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн, ерөнхийдөө худалдаалагдаад дуусч байна. Сүүн ааруул, айраг, шар тос зэрэг бүтээгдэхүүн үлдээд байна.

Бидний хувьд зун болон намрын саруудаас эхлэн бэлтгэл ажлаа хангаж эхэлдэг. Энэ жил сүүн ааруулыг хүмүүс вокзал дээрээс худалдаж аваад дамлаж зарах тохиолдол байх шиг байна. Өвөрмонголоос сүүн ааруул 20 гаруй мянган төгрөгөөр аваад энд 45 мянгаар худалдаалах тохиолдол байна. Иргэд мөн ялгааг нь сайн мэдэхгүй учраас төөрөгдөлд орох тохиолдол ч байна. Бусдаар бол сэтгэл ханамж сайн байгаа.

 

 

ААРУУЛААР ЗАССАН ТАВГИЙН ИДЭЭ 350-550 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХООРОНД ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА

 

Иргэн Ч.Ганбат:

Цагаан идээний үнэ ханш өндөр байна гэж харж байна. Малчид маань хөдөлмөрөө шингээж цагаан идээгээ бэлтгэж байгаа ч гэсэн эдийн засгийн байдлаа харгалзан үзэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Мөн ченжийн гар дамжиж байж магадгүй гэж харж байна. Тэтгвэрийн доод хэмжээ ямар байгаа билээ. Цагаан идээний ханшаа жаахан буулгах хэрэгтэй болов уу. Хоёр кг ааруул авахад л 90 мянган төгрөг болж байна шүү дээ. Ааруулаар зассан тавгийн идээ 350-550 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

Үзэсгэлэнд оролцож буй зарим бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага бас хангахгүй байгаа харагдаж байна. Гурил хольчихсон хэрнээ үнэтэй байх ч тохиолдол байна. Тиймээс цэвэр цагаан идээгээр хийсэн бүтээгдэхүүнээ зах зээлтэйгээ уялдуулаад худалдаалбал иргэдэд илүү хүртээмжтэй байх болов уу гэж бодож байна. Ченжийн гар дамжмааргүй байна. Үүнийг зохицуулах хэрэгтэй болов уу даа гэж бодож байна. 

 

 

Иргэн И.Мөнхцэцэг:

Үзэсгэлэн худалдаа сайхан болж байна. Тавгийн идээгээ авлаа. Гэхдээ ханш нь өндөр байна уу даа гэж харж байна. Мах болон цагаан идээ өмнөхөөсөө өссөн байна. Амт, чанарын хувьд янз янз л байх шиг байна. 

 

 

ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХИЙГ БОДВОЛ ХУДАЛДАН АВАЛТ САЙН БАЙНА 

 

Архангай аймгийн Хангай сумаас оролцож буй иргэн Г.Ганхуяг: 

Би гурваас дөрвөн төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн. Хоёр дахь жилдээ оролцож байна. Худалдан авалтын хувьд энэ жил сайн байна гэж харж байна. Үзэсгэлэн худалдаа ерөнхийдөө дуусаж байна. Үлдсэн бүтээгдэхүүнээ аваад л буцна даа.

Бидний хувьд бүтээгдэхүүнүүдээ зун болон намар цагт бэлтгээд нийслэлчүүддээ хүргэж байна. Хүмүүсийн сэтгэгдэл өндөр байгаа л харагдаж байна. Өнгөрсөн жилийнхээс илүү цагаан идээ сонирхож байгаа харагдлаа. Өнгөрсөн жилийнхээс борлуулалт сайтай байлаа. 

 

 

Иргэн Б.Энхтуяа:

Үзэсгэлэн худалдаа сайхан болж байна. Амт чанарын хувьд ч сайн байна. Хүүхдүүдтэйгээ хамт тавгийн идээгээ аваад явж байна. Хүүхдүүд ч ам сайтай байна. Ийм сайхан үзэсгэлэн худалдаа нийслэлчүүддээ хүргэж байгаад баярлалаа. 

 

 

Ийнхүү арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн 11 сумын 140 гаруй малчин өөрсдийн гараар бүтээсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн бэлтгэж нийслэлчүүддээ хүргэжээ. 

Дэлгэр цагийн турш бэлдсэн цагаан идээгээ эдгээр өдрүүдэд дэлгэн худалдаалж буй худалдаачид иргэдийн худалдан авалт харилцан адилгүй байгаа талаар ийнхүү дурдсан бөгөөд үзэсгэлэн худалдаа ням гарагийг дуустал буюу энэ сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top