ШУУРХАЙ | Дотоодын цэргийн алба хаагчийг САХИЛГА БАТ зөрчсөн хэмээн биед нь халджээ

Б.Цог | Zindaa.mn
3 цагийн өмнө

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байршилд алба хаагчид цэрэг зодож буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. 

Үйл явдлын тухайд тодруулбал, хугацаат цэргийн албанд татагдсан тус ангийн цэргийн алба хаагчийг сахилга бат алдсан гэх асуудлаар шийтгэсэн гэх бөгөөд ингэхдээ түүний биед зүй бусаар халдсан гэдэг мэдээллийг зарим эх сурвалж өгч байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас тодруулахад "Хэргийн дуудлага мэдээлэл авч, шалгалтын ажиллагаа эхэлсэн" гэдэг тайлбар өглөө. 

Сануулахад, Дотоодын цэргийн 05 дугаар анги нь Дотоодын цэргийн ууган байгууллага бөгөөд Дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор баталсан Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын хамгаалалтад байхаар тогтоосон Улсын онц чухал объектуудаас Дулааны цахилгаан станц 2, 3, 4 ТӨХК-ууд, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, Таван толгой түлш ХХК, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Биокомбинат ТӨХХК-ын аюулгүй байдал хэвийн ажиллагааг хангах, хамгаалалтыг хоног тутам тасралтгүй зохион байгуулах болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй ажилладаг юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top