УИХ, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын скаутын холбоо хамтран 2021 оноос хойш үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2024” хөтөлбөрийн өсвөрийн парламентын нэгдсэн хуралдаан Төрийн ордонд боллоо. “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэ удаагийн хөтөлбөрт 800 гаруй хүүхдээс шалгарсан 126 сурагч оролцов.
Энэ удаагийн өсвөрийн парламент нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсөв, эдийн засгийн байнгын хороотойгоор “Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд тус бүрдээ хэлэлцүүлэг өрнүүлжээ. Байнгын хороодын хуралдаанаас гаргасан саналуудаа нэгтгэн “Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолын төслийг боловсруулжээ. Хуралдааны төгсгөлд электрон тамхийг хязгаарлах тухай болон парламентын боловсролыг хүүхдүүд, өсвөр үеийнхэнд таниулах мэдээллээр хангахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, “Өсвөрийн парламент-2024” өсвөрийн парламентын нэгдсэн хуралдааны тогтоолын төслийг баталлаа.
Хөтөлбөрийн хаалтын чуулганд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ хөтөлбөр нь байгаль орчин, эх дэлхийгээ хайрлах, Монгол Улс, эх орныхоо төлөө гэсэн хүсэл, эрмэлзэлтэй 500 гаруй хүүхэд, залуусыг бэлтгэж, амжилттай хэрэгжсэн. Өнгөрсөн жилийн хөтөлбөрийн хаалтын чуулганы үйл ажиллагаанд НҮБ-ын хүүхэд, залуучуудын байгууллагуудын төлөөлөл зорин ирж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн багийнхан төгсөлтийн бичлэг хийсэн. Энэ хөтөлбөр нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамгийн амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн нэг болсон гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн бидний зүгээс байгаль орчин, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх мэдээ мэдээллүүдийг та бүхнээр дамжуулан үе тэнгийнхэнд чинь хүргэж, хамтдаа хөгжих боломж олгохыг зорьсон хэмээв.
Сэтгэгдэл ( 0 )