“Хүүхдийн вагон” ирэх сарын 1-нээс зорчиж эхэлнэ

2025 оны 05 сарын 22

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг Эх үрсийн баярыг угтаж, үйлчлүүлэгчдийнхээ чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор хүүхдүүдэд зориулсан вагоныг ирэх сарын 1-нээс үйлчилгээнд явуулж эхлэхээр болжээ. Тус вагон нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тоглоом, хамгаалалтаар тоноглогдсон бөгөөд хүүхдүүдээс нэмэлт төлбөр авахгүйгээр зорчих юм байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН зорчигч тээврийнхээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд энэ ажлыг санаачилжээ. УБТЗ-ын Зорчигчийн вагон депо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдүүд галт тэргээр аялах хугацаандаа кино үзэж, хамтдаа тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэг вагоныг хүүхдэд зориулан тусгайлан тоноглосон нь энэ юм. Зорчигч депогийн электроник  инженер П.Галмандах хэлэхдээ “Аяллын үеэр хүүхдүүдийг бэртэж гэмтэх эрсдэлээс сэргийлж вагоны хана, шалыг зөөлөвч эдээр доторлож, эко зөөлөн тоглоомуудыг сонгосон.

Түүнчлэн хяналтын камер суурилуулсан. Мөн аав, ээжүүд хүүхдээ тоглож байх үед амарч байх хүлээлгийн өрөөг гаргасан. Хүүхдийн ариун цэврийн өрөөг ч бас хүүхдийн стандарт хэмжээнд тохируулан чөлөөтэй бие засаж, гараа угаах боломжтойгоор тооцож хийсэн” гэв. Хүүхдийн ая тухтай аялах бүхий л  боломжийг бүрдүүлсэн тус вагон ирэх сарын 1-нээс үйлчилгээнд гарна.

Э.Энэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu