Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, доктор (Ph.D) Б.Энхмандахын “Дундчуудын нийгэм: Умардын хөгжлийн загвар” цомог номын нээлтийн ёслол Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд боллоо. Ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын Элчин сайд нарын клуб, НЭПКО хэвлэлийн газраас хамтран зохион байгуулж, УИХ-ын ахмад гишүүд, ахмад дипломатчид, МУИС-ийн багш нар, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцов. Үүгээр аз жаргал гэдгийг мэдэрсэн дундчууд давамгайлсан нийгмийн “ид шид”-ийг харуулсан бүтээл олны хүртээл болж буй юм.
Доктор Б.Энхмандах нэгэнтээ “Дундчууд давамгайлсан нийгэмд энэ давхарга нь тухайн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд илүү их нөлөөтэйн зэрэгцээ улс төрийн тогтвортой байдал, улмаар улс орны тогтвортой хөгжлийн баталгаа нь болж байдаг байна” хэмээн бичиж байсан билээ. Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, доктор Б.Энхмандах Шведийн Хаант Улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг анх байгуулахад 2009-2013 онд Элчин сайдаар ажиллаж, тэр үеэрээ умардын буюу Скандинавын орнуудын хөгжлийн загвар, тэдгээрийн онцлогийн талаар цуврал бүтээл тууурвисан байдаг.
Түүний цомог номд МУИС-ийн ахлах багш, доктор, охин Э.Энхчимэгийнхээ хамт бичсэн “Дундчуудыг түшин хөгжих хөгжлийн хандлага ба Монгол орон”, мөн өөрийнх нь бүтээл “Нийгмийн хөгжлийн загварын тухай” болон зохиогчдынх нь албан ёсны зөвшөөрөлтэйгөөр монгол хэлнээ орчуулсан Могэнс Люккэтофтын “Дани загвар, Европын амжилтын түүх”, Марти Ахтисаарын Энх тайвны сангаас эрхлэн гаргасан “Сайхан амьдруулах жор: Умардын орнуудын туршлага” номууд багтжээ. Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, ахмад дипломатч Л.Удвал, нийтлэлч Б.Цэнддоо, Баабар нарын хүмүүс үг хэлж, номын агуулга, өнөөгийн ач холбогдлын талаар ярилаа.
Доктор (Ph.D) Б.Энхмандах:
-Яагаад Шведэд Элчингээр явсан бэ, энэ номтой ямар холбоотой вэ гэдэг дурсамжаасаа хуваалцъя. Намайг 2009 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд хийж байхад Канадад явуулах томилгоо Гадаад яамнаас гарсан юм. Тэгтэл тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр дуудаад “Энхмандах аа, чи нийгэм судлаач, философич хүн. Чиний сонирхдог сэдэв ардчилсан социализм, хүний нүүртэй капитализм гэдэг. Тэгвэл тэр чинь жинхэнэ амьдрал дээр хэрэгжчихсэн орон руугаа явбал яасан юм бэ. Юун Канад, Швед рүү яв. Тэнд шинээр ЭСЯ нээх гэж байна. Чи очиж ЭСЯ-ыг нээгээд, тэр орныхоо хөгжлийн загварын судалгааг хийхгүй юу” гэсэн. Энэ үүрэг даалгаврыг С.Баяр Ерөнхий сайд надад өгсөн юм. Тэнд умардын орнуудын нийгмийн байдал, амьдралыг үзэж судлаад жаахан жаахан юм бичиж “Цахим өртөө”-нд тавьдаг байсан. Тэгээд 2013 оноос нийтлэл бичиж, сүүлд өөрийн охин, МУИС-ийн ахлах багш, доктор Э.Энхчимэгийн хамт умардын загвар, дундчуудын нийгмийн онцлог, дундчуудыг түшиж хөгжсөн орнуудын загвар манайд тохиромжтой юм биш биз гэсэн санаагаар хамтарсан номоо бичсэн. Дараа нь Марти Ахтисаарын Энх тайвны сангаас эрхлэн гаргасан “Сайхан амьдруулах жор: Умардын орнуудын туршлага” номыг миний охин орчуулж, би редакторлаж гаргасан. Могэнс Люккэтофтын “Дани загвар, Европын амжилтын түүх” номыг би орчуулж, охин редакторласан. Ингээд хүмүүсийн хандлагаас харахад хэрэгцээ байсан учраас ном болгож хэвлүүлэхээр НЭПКО-д хандахад маш сайхан дэмжиж хүлээж авснаар барахгүй нэгтгэж бус, тус тусад нь ном болгоод нийлүүлж багцлаад цомог болгохоор болсон. Залуус үүнийг илүү унших болов уу гэж найдаж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Өнгөрсөн намар Данийн парламентын гишүүдтэй уулзсан юм. Бид холимог тогтолцоогоор УИХ-аа байгуулж, олон намтай төвлөрсөн парламенттай болох гэж хичээж байгаа. Түүний үндэс суурь нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болсон. Данийн туршлагыг харахад бараг 100 жил ингэж явсан, тэр нь бүр уламжлал соёл болоод, нийгэм нь тогтворжчихсон, хууль тогтоох байгууллага нь холимог тогтолцоогоор бүрдээд тэнд соёл болсон байна гэж боддог. Өнөөдөр номын нээлтэд зорьж ирлээ. Дани загвар гэж энд байна. Их олон хүний тархи цэнэглэх хэрэгтэй ном болжээ гэж бодож байна.
Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Удвал:
-Өнөөдөр энэ танхимд манай эрдэм, соёлын тэргүүлэх зиндааны эрдэмтэд, Монголоо соён гэгээрүүлэх чиглэлээр ихийг туурвиж яваа хүмүүс, Монголын Элчин сайд нарын клубын зарим гишүүд хүрч иржээ. Доктор Б.Энхмандах Монгол Улсаас Шведийн Хаант улсад суух анхны Элчин сайдаар 2009-2013 онд ажиллахын зэрэгцээ Данийн Хаант улс, Норвегийн Хаант улс, Бүгд Найрамдах Финланд улсад Элчин сайдаар тус тус хавсран сууж байсан бөгөөд энэ утгаараа умардын орнуудын хөгжлийн загварын талаар илүүтэй сонирхож Монгол орны хөгжлийн асуудалтай холбон судалж байгаа дипломатч, улс төр судлаач хүн юм. Өмнө гаргасан товхимолууддаа АНУ, Ази, Европын нийгмийн хөгжлийн загвар, умардын загвар зэргийг сонирхон судалж түүний сул болон давуу тал юу вэ гэсэн асуултад хариулт өгөх, Монголын хөгжлийн загварыг төсөөлөхийг хичээсэн байдаг. Охин Э.Энхчимэгийн хамт бичсэн “Дундчуудыг түшин хөгжих хөгжлийн хандлага ба Монгол орон” номдоо нийгмийн хөгжилд дундчуудын гүйцэтгэх үүрэг, дэлхий дахинд дундчууд гэж хэнийг хэлэх вэ гэх зэрэг асуултад хариулж, олон нийтэд ойлгуулах, соён гэгээрүүлэх асуудлуудыг багтаажээ. Мөн Монголын нийгмийн дундаж давхаргад гарч буй өөрчлөлт, түүний бүтэц, бүрэлдэхүүн, байр суурийг бэхжүүлэх арга замын тухай санал бодлоо илэрхийлсэн байна. Энэ нь манай өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит боломжтой уялдуулан авч үзвэл нэн сонирхолтой сэдэв юм. Энэ бүтээлд ядуурлыг эцэс болгож, дундчуудын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар тэгш боломж бүхий дундаж, чинээлэг дундчуудын давхарга давамгайлсан нийгэм төлөвшүүлэх асуудлыг хөндөн тавьж, уг зорилтыг шийдсэн болон шийдэж байгаа орнуудын туршлага, дундаж давхаргын талаарх судалгааны онол, арга зүйн асуудлыг цогцоор авч үзэхийг зорьсноороо онцгой ач холбогдолтой болжээ.
Нийтлэлч Баабар:
-Манай Ерөнхий сайд Сингапурын замаар явна гээд байгаа. УИХ-ын дарга маань Японы замаар явна гээд байгаа. Өөр янз янзын орон ч нэрлэгдэж байгаа. Яг аль замаар явахыг би бол мэдэхгүй байна. Дарга нар тэгж байгаад шийдэх байх. Б.Энхмандах номоо сайн сурталчлах юм бол Скандинавын замаар манайх явах байх. Тэдгээр маш баян орнууд дундчуудын нийгэм гээд ач холбогдол өгөөд байна л даа. Хүн амд оногдох ДНБ-ний хэмжээгээрээ АНУ энэ тэрийг даваад явчихсан газрууд шүү дээ. Тэнд хүн баяжихыг нэг их таашаадаггүй. Түүнийг харин манай дарга нар зөвшөөрөх ч юм уу, үгүй ч юм уу сайн мэдэхгүй. Хамгийн түрүүнд өөрсдөө баяжчихсан юм чинь. Зугтаад гараад явалтай нь биш. Чухал ном бүтээсэнд баяр хүргэе.
Нийтлэлч Б.Цэнддоо:
-Сүүлийн үед зузаан, том, нүсэр номуудын эрин үе үндсэндээ дууссан. Ном жижиг, халаасны болж ирлээ. Хүн хэлэх гэж байгаа зүйлээ жаахан зүйлээр ойлгуулдаг байдал руу орсон. Яг энэ хүрээнд Б.Энхмандах багшийн номууд гарсан. Энэ ном дарга нарт гэхээсээ масст хандсан энгийн өгүүлэмжтэй болсон. Нэг үг байдаг. “Энэ хорвоо дээр хүчтэй нь үлддэггүй, бяртай нь үлддэггүй, том нь үлддэггүй. Өөрийгөө хөгжүүлж чадсан нь үлддэг” гэж. Манай улс бидний МУИС-ийн багш, оюутан байхаас хамаагүй өөр, бидний мөрөөдөлд ч байгаагүй өндөрлөгт хүрсэн. Энэ ном дээрх шиг хөгжлийн ийм гайхалтай сайхан загварууд руу бид хүрэх байх аа гэлээ.
“Аз жаргалтай Дани орны жирийн нэгэн дундаж иргэн Кнуд Кристенсен “Бидэнд санаа зовох зүйл байдаггүй. Хэрэв бид ямар нэг зүйлд санаа зовдог бол тэр нь цаг агаар л байх. Өнөөдөр бороотой, дүнсгэр өдөр болох болов уу. Эсвэл нар гарах болов уу гэдэг талаар л хүмүүс голдуу ярилцдаг” гэснээс харахад дундчууд давамгайлсан нийгэмд олон нийтийг бухимдуулсан эдийн засаг, улс төрийн болон нийгмийн тулгамдсан асуудал, санаа зовох зүйл үнэндээ байдаггүй аж. Үүгээр юуг хэлэх гэж байна вэ гэвэл монголчууд бидний хувьд дундчууд гэж хэнийг хэлэх талаар маргах нь чухал биш, аз жаргалаа мэдэрсэн дундчууд хүн амын дотор давамгайлсан нийгмийг төлөвшүүлэх нь чухал зорилт болж байна” хэмээснээс цомог номын ерөнхий агуулга харагдах биз ээ.
Сэтгэгдэл ( 0 )