Нэр хугарахаар яс хугар гэх үгийн тухайтад

2025 оны 05 сарын 23

Монголчууд алт мөнгө, амбан шар гэхээсээ, алдар хүндэд хүрэх гэхээсээ нэр цэвэр, ёс ариун явахыг илтэд эрхэмлэж ирсэн ард түмэн. Аав ээжийн нэрийг хугалаад яахав, нутгийн нэрийг бузарлаад яахав, үр хүүхэддээ үйл лайгаа үлдээгээд яахав гэнэ. Аав ээжийн ясыг өндөлзүүлэхгүй байх нь нэр төрөө хадгалж яваа улбаа гэнэ. Жамаар даял, Ёсоор яв л гэсэн үг. Алив үйл үүтгэхдээ нутаг усаа, ээж аавын нэрийг эхлээд бодох. Удам судрын нэр төрөө өндөрт өргөж явах, Монголынхоо нэрийг цууриатуулж явах алтан дүрэм үйлчилнэ.

Нэр хугарахыг үнэн голоосоо зайлсхийж, задраад байвал дарна. Дордоод байвал өргөнө. Дорно дахины уламжлал дор бөхийхгүй, дохиогоор ч хөдлөхгүй, дорго ч байж чадна, долгионоо ч зөв хуваарилна. Бусдын хэрэгт хошуу үл дүрнэ, булан тохойд үүрлэх бузруудыг ч үл хооллоно. Тэднийг хооллоно гэдэг нь хов жив үгсэх хонзон санах хоёрыг холдуулах, атгаг санаа агуулах, агт морьд хулгайлах зэргийг зэвүүцнэ гэсэн үг л дээ. Зэрэмдэг явахыг үл таашаана. Зэвүүн шүү, монголчуудын санаа. Зэрвэс харахад гүндүүгүй ч юм шиг мөртөө гэртээ хаан, гэгээндээ богд байж чаддаг.

Чадал нь хүрвэл чавхны чулуугаар ч ан агнаж хоолоо олоод идчихнэ. Чавганцыг ч өргөн хүндэлнэ. Чадалтанд ч сөгдөж бас чадна. Задгай сэтгэлгээтэй, задь буулгах тэнхээтэй л түмэн. Олз арвидаад ирвэл одоо болно оо гээд ухарна. Хүүхдүүдийнхээ амыг арчаад яахав гэнэ. Үнэн явж үйлс тэгширнэ гэдгээ мэднэ. Яс хугаравч эдгэнэ, Нэр сэвтвэл нэмэргүй, насанд цөв сууна хэмээн үзнэ. Нэр баастахаас ямагт зайлсхийнэ. Нартад үрс нь нэр муудвал өндөрт буй өвгөд нь хамт зүдэрч үйл лайг нь үүрэлцэн үргэлж дорд сууринд шахагдана. Шавхруу долоож шал арчиж явна гэсэн үг. Ийм барилдлагаа монголчууд мэддэг. Молиго үмхүүлэхгүй, монголоороо л жудагтай явахыг эрмэлзэнэ. Энэ нь төв халхуудад элбэг үзэгдэнэ. Нэр хугарахаар яс хугарах нь илүүд үздэгийн учир жанцан ийн тайлагдвай. Нэр хичээж явцгаая, таминь ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu