Титаникийн зорчигчийн захидал 400 мянган ам.доллароор зарагджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 29

Алдарт “Титаник” хөлөг живхээс хэдхэн хоногийн өмнө нэгэн зорчигчийнх нь бичсэн захидал дуудлага худалдаагаар 400 мянган ам.доллароор зарагдсан байна. Henry Aldridge and Son дуудлага худалдааны ордон эл захидлыг зөнтэй гэж тодотгожээ.

Хурандаа Арчибалд Грейси найздаа хаягласан захидалдаа “агуу хөлөг онгоц”-ны талаарх сэтгэгдлээ бичихээсээ өмнө эхлээд аяллаа дуусгахыг хүлээнэ гэж бичиж байсан учир үүнийг зөнтэй захидал гэж үздэг байна. Захидлын огноог 1912 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гэсэн ба энэ өдөр хурандаа Грейси Титаник хөлөгт суужээ. Тэр өдрөөс хойш таван хоногийн дараа хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдсөний улмаас живсэн юм.

Захидлыг нэгдүгээр зэрэглэлийн С51 өрөөнөөс бичсэн бөгөөд 1912 оны дөрөвдүгээр сарын 11-нд Ирландын Куинстаун боомтоос илгээсэн байна. Захидалд мөн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Лондонгийн шуудангийн дардас бий аж. Хурандаагийн захидал Титаник хөлөг дээр бичиж байсан захидлуудаас хамгийн өндөр үнэд хүрчээ. Хурандаа Грейси хожим нь “Титаникийн талаарх үнэн” ном бичиж, тус хөлгөөр зорчсон түүхээ өгүүлсэн байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu