Сонин нь хүн хоорондын шууд харилцааг бөхлөгч хүчтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэвээр орших болно

2024 оны 03 сарын 06

Монголын чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов:

-Сэтгүүлч хүнд шонхрын эр зориг, бүргэдийн холч хурц хараа, барын бадрангуй дүүлэлт, чонын цоглог шинж, загасны соргог мэдрэмж чухал. Сэтгүүлч гэдэг өндөр алдар хүндийг өргөн түмнээс хүртээх болохоос бус өөрөө өөртөө өгчихгүй. Сэтгүүлч гэмээ нь гангаар бүтсэн хүн биш. Бусдын л адил бодгаль.Тийм болохоор хүн шиг л хүн байх учиртай. Онгирч, оодроод, онцгойрох гээд байх хэрэггүй. Хамгийн гол нь хүнлэг байх. Өр нимгэн, өрөвч зөөлөн сэтгэлтэй байх. Чөлөөт хэвлэлийн зам хүний чанар шалгах хүнд бэрх зам. Хэний ч тухай бичлээ гэсэн энэ чинь миний л адил хүн гэдгийг бодолцох ёстой. Үрт хүн үрээрээ, биет хүн биеэрээ гэдэгчлэн өөртэйгээ жишиж харьцуулж хайрлаж өрөвдөх чанараа хаяж гээж ердөө болохгүй.

Шүүмжилж байгаа нь энэ гэж доромжлоод л, илчилж байгаа нь энэ гэж гүтгээд л, эрэн сурвалжилж байгаа нь энэ гэж ул шагайгаад байх хэрэггүй. Хүний дутагдлыг хэлэхдээ хэлдэг л ёсоор нь хэлнэ үү гэхээс хэтрүүлж, давсалж, дайрч гутааж яавч таарахгүй. Юухан дээр ч голч алдалгүй, зөв чиг баримжаатай, зарчимч чин шударга байх учиртай. Даян дэлхийд даган мөрддөг чөлөөт хэвлэлийн харти буюу charter for a free press: Чөлөөт хэвлэл гэдэг болбоос чөлөөт хүн ард л гэсэн үг (A free press means a free people) хэмээн яс томьёолдгоор барахгүй яг ингэж эхэлдэг. Үүнээс үзэхэд чөлөөт хэвлэл гэдэг нь дан эрх мэдэлтэн юмуу дарга, сайдынх биш байх нь ээ. Хүн өөрийн гэсэн үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшилтэй байх агаад тэрнийгээ амаар, бичгээр, дүрс дуу авиа… гэх зэрэг ер нь боломжтой бүхий л арга хэлбэрээр чөлөөтэй ил тод илэрхийлэх эрхтэй. Үүнд улсын хил хязгаар ч хамааралгүй. Чөлөөт хэвлэл, чөлөөт үг хэлэлт, чөлөөт саналага, сэтгэлгээ (free press, free speech, free spirit) энэ гурвыг цогц байдлаар хамтад нь харилцан нягт уялдаатай авч үзэж ажил хэрэг болгохыг чухалчилдаг. Ингэж чадсан цагт өнөө бидний хүсэж мөрөөдөж, зорьж тэмүүлж буй чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь сая жинхэнэ утгаараа (in genuine sense) бодит биеллээ олно.

 

До.Цэнджав: Цаасан хэвлэлийн ач холбогдол хэзээ ч буурахгүй

 

/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч/

-Сэтгүүлзүйн үүсэл гэхээр эхлээд бичгийн машин, цаас зэргээр хүчээ авсан боловч цаасан хэвлэл, сонин бол олон талын ач холбогдолтой юм. Тухайн улс орон хийгээд хүн ардын  түүх, соёл, урлаг гээд бүх салбарын намтрыг цагаан цаасан дээр барлаж үлдээдэг, орон орны түүхийг бичиж байдаг амьд сэтгүүл зүй юм. Сүүлийн үед цаасан сонин ганц Монголд ч биш, дэлхийн том орнуудад хүнд байдалд орсон. Энэ цаг үед Засгийн газар  чөлөөт хэвлэлийг дэмжих сан байгуулж, аль нэг байгууллагын мэдэлд өгчихвөл нэг гарц байж болох юм. Дээр нь Шүгэл үлээгчийн хууль гэж гарсан, гэтэл нийгэмд  хамгийн их шүгэл үлээдэг, нийгмийн хог шаарыг цэвэрлэж байдаг сэтгүүл зүй, сэтгүүлчдийн ажил түүнд нь хамаарахгүй юм шиг оруулсан байдаг. Гэтэл шүгэл үлээж байгаа, далд авлига, хээл хахууль, нийгмийн бусармагийг илчилж, баримт болгон үлдээж буй цаасан хэвлэл, сониныг дэмжсэн төсөл бас байж болох юм гэж бодож байна. Хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сэтгүүл зүйг дэмжихэд буруудах юм байхгүй. Гол нь хэвлэлийн цаас үнэтэй, хэвлэлтийн зардал өндөр байгаа. Иймд цаас импортоор авах үнийг бууруулах, татвар авдаггүй байх зэрэг дэмжлэг үзүүлбэл, цаасан хэвлэлд ихээхэн ач холбогдолтой юм. цаасан хэвлэлийн ач холбогдол хэзээ ч буурахгүй. Өмнөө бариад, үг, үсгийг нь  нэгбүрчлэн хараад, тэр бүү хэл эргүүлж тойруулж үзээд, хажуу талд нь сонин уншаад төрсөн санаагаа бичиж, зурж тэмдэглээд амьд харилцаа үүсгэдэг Монгол Улсын түүхийг бичиж, амьд харилцаа үүсгэдэг, үнэт архив гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хөгжлийн сэтгүүл зүй гэж байдаг юм шүү дээ. Үүнийг бид бодлогоор дэмжих ёстой.

 

Ж.Саруулбуян: Тогтмол хэвлэлийг төр бодлогоор дэмжих хэрэгтэй

 

/Соёлын гавьяат зүтгэлтэн/

-Цаасан хэвлэл маш үнэ цэнтэй.Өнөөдөр бүх юм цахимжсан ч тэр нь алга болбол яах вэ. Цахим хаяг устлаа, мэдээлэл нь устгагджээ л гэдэг, тэнд архив үүсэхгүй, үлдэхгүй. Тэгэхээр цаасан хэвлэл үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Өнөөдөр гадаадын улс орнууд цаасан хэвлэлийг бичгийн эх сурвалж болгож байгаа. Цахим орчин, сошиалыг эх сурвалжид тооцдоггүй. Техник, технологийн дэвшил явж байгаа болохоор цахим орчин мэдээж нийт масст бол хэрэгтэй, хувилж хэвлээд авч болохгүй юм байхгүй. Гэхдээ цаасан хэвлэл бол түүхийн гэрч, архив, эх сурвалж болж үлддэг. Үүнийг бид мартаж болохгүй. Сонины үнэ цэнийг өндөрт өргөж, дэмжиж, мэдээ, баримтаа яаж үлдээх вэ гэдгээ бид их  бодох ёстой. Сонинг бодлогоор авч үлдэх хэрэгтэй. Хуульчлах ёстой. Тогтмол хэвлэлүүдийг төрөөс анхаарах хэрэгтэй.

 

Ц.Сарантуяа: Тунаж үлдсэн энэ хэдхэн сонин дотор л сэтгүүл зүй амьд байна

 

/АНУ дахь Монгол Телевизийн захирал, Монгол Улсын Соёлын элч, Олон улсын сэтгүүлч/

-Сонин их уншдаг. Одоо бол цахим орчноос түлхүү мэдээлэл авч байна. Сонины гол мэдээллүүд ч цахимд орчихдог болжээ. Гэхдээ л цаасан сонинг бариад уншихаар уншсан болдог, тэр мэдрэмж хэзээ ч арилдаггүй юм байна. Тиймээс сонинуудыг алгасахгүй уншдаг. Өнөөдөр өдөр тутмын дөрөв тавхан сонин үлдчихсэн байна гэдэг юуг харуулж байна гэхээр тэр сонин амьдраад л байна шүү дээ. Сайн менежменттэй байгаагийнх байх. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс сайн баг хамт олон болоод тэр сониныг хүмүүс захиалж байгаа. Цахим хөгжихөөс өмнө би сонинг бөөн бөөнөөр нь захиалж, эсвэл худалдаж авч уншдаг байсан. Тэд маань бараа туруугүй алга болжээ. Үлдсэн 4-5 сонин  гэдэг нь өдөр тутмын “Өдрийн сонин”, “Өглөөний сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Монголын мэдээ” юмуу даа. Энэ сонинууд бол телевизээр бол "Цагийн хүрд"-тэй адилхан гэсэн үг. Яг бодлогоо бариад, ноён нуруугаа алдахгүй яваад байгaa. Аргагүй л тунаж үлддэг юм байна гэдгийг харж, эдгээрийг уншиж явна. Сэтгүүл зүй энд л  амьд байна, үнэнч байна гэж амталж, үнэртэж, мэдэрч уншдаг. Өдөр тутмын сонины муусайн сэтгүүлчдэдээ талархаж явдгаа хэлье.

 

Өдөр тутмын сонин бол шинэхэн барьсан талхтай зүйрлэм соёлт хүний өглөө бүрийн угтал билээ

 

/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сэтгүүлч Ц.Ариунаа/

Түүхийн олон зуун жилийн шалгуурыг дааж цаасан хэвлэл, ном, сонин л үлддэг нь бодит үнэн. Агаарын цэнхэр долгионоор дамжуулж буй радио, телевизийн нэвтрүүлгийг үзэж сонсоход таатай ч хэрэглэгч тэр бүр авч өөртөө  авч хадгалж амждаггүй.

Сэтгүүлч, судлаачид түүхэн материалын анхдагч эх сурвалжийг сонин хэмээн үзэж номын сангийн фонд, архивт хадгалагдан байгаа сонины шарласан хуудсыг эргүүлж суудаг. Сонин, сэтгүүл хэзээ ч үнэ цэнээ алдалгүй оршин тогтнож байдгийг дэлхийн нэр хүнд бүхий өдөр тутмын сониноос ч бид харж болно. Интернэт хэрэглэх болсон даруйд сонины эрэлт хэрэгцээ буурсан ч сүүлийн үед уншигчид сониноо санаж, далайцтай сайн нийтлэлийг эрж хайсаар олж унших болж. Яг л пянз шиг. Цахим эрин ирж хуурцаг, CD гарч эхлэхэд хүмүүс пянзыг тоохоо больж байсан бол эргээд хамгийн амьд, сайн бичлэгтэй хэмээн пянз хайж цуглуулж, хамтлаг, дуучид  алтан пянзаа гаргах болсон. Үүнтэй адил өдөр тутмын сонины эрэлт нэмэгдэж байна. Мянга мянган жил өнгөрөвч түүхийн гэрч болон сонин оршсоор байх бус уу. Өдөр тутмын сонин бол шинэхэн барьсан талхтай зүйрлэм соёлт хүний өглөө бүрийн угтал билээ.    

 

Сонин бол мэргэжлийн редакц, мэргэжлийн сэтгүүлчдийн хүчинд тулгуурлан, бодит мэдээллийг үнэн, шударгаар хүргэдэг хэрэгсэл юм

 

/“Монголын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Ч.Чулуунцэцэг/

-Өнөөдөр цаасан хэвлэлийн эрин үе эрч хүчтэйгээр, шинээр эргэн ирж байна. Уншигчид цаасан хэвлэлд, өдөр тутмын сонинд итгэх итгэл эргэн ирж байна. Сошиал бол хувь хүний сэтгэгдэл юм, баримтад тулсан ч байж болно, тулаагүй ч байж болно. Сэтгэлийн хөдлөлөөрөө хандсан байж болно. Харин өдөр тумын сонин бол мэргэжлийн редакц, мэргэжлийн сэтгүүлчдийн хүчинд тулгуурлан, бодит мэдээллийг үнэн, шударгаар хүргэдэг гэдгийг уншигчид ойлгож мэдэрдэг, сошиал, сонины ялгааг зааглаж мэддэг тийм үе ирлээ.

 

 

 

Цаасан хэвлэлийг илүү их ирээдүй, шинэ үе хүлээж байна

 

/Сэтгүүлч Н.Уранзаяа/

-Манай сэтгүүл зүй өөр өөрийн чиглэлтэй байдаг. Би радиогийн, би телевизийн хүн гэдэг шиг би бол сонины хүн. Сонины хүн сониндоо л үнэнч үлддэг. Би бол боддог. Сонины школтой хүмүүс илүү боловсролтой байдаг. Илүү судалдаг учраас илүү өргөн мэдлэгээрээ ялгардаг. Илүү тогтож бодож анализ хийдэг. Мэдлэг нь тэлсэн байдаг. Тэдний цаана үнэт зүйл, оюуны бүтээл бий. Өдөр тутмын сонины сэтгүүлч хүн сэтгэлийн хөөрлөөр асуудалд ханддаггүй. Олон эх сурвалжийг харьцуулж, анализ хийж байж мэдээлэл түгээдэг. Ийм учраас нэг хэсэг сошиалд автаж байсан уншигчид одоо эргээд өдөр тутмын сонины үнэ цэнийг мэдэрч үнэлдэг боллоо. Цаасан хэвлэлийг илүү их ирээдүй, шинэ үе хүлээж байна. Өнөөдөр өдөр тутмын тавхан сонин үлдээд байгаа ч тун удахгүй тоо нэмэгдэнэ гэдэгт итгэдэг. Цаасан хэвлэл өөрөө олон нийтийг оюуны боловсролд дууддаг юм. Боловсролтой, оюуны бядтай хүмүүс түүнийг уншдаг. Судалгаатай сэтгүүлчид тэнд бичиж байдаг. Эргээд цаасан хэвлэлийн үнэ цэн өснө гэдэгт итгэдэг. Цаасан хэвлэл улам олноор эргэн ирнэ.

Улстөрчид сонинд л итгэдэг. УИХ-ын гишүүд өглөө чуулганы танхимд өдөр тутмын сониныг л барьж орж ирдэг. Хуудас бүрийг эргүүлдэг. Тэнд бичигдсэн зүйлийг л илүү үнэн бодит гэж тэд үздэг.

 

СОНИН ҮНЭ ЦЭНТЭЙГЭЭР ОРШСООР...

 

/“Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанаа/

-Одоо сонин уншдаг хүн байдаг юм уу... хэмээн асуух хүмүүсийг хараад бага зэрэг гайхах сэтгэл төрдөг. Цахим сүлжээнээс бүх мэдээллийг авчихдаг  хэмээн боддог нь өрөөсгөл. Хамгийн  хурдан хугацаанд түгэн тархдаг цахимд өрнөдөг баталгаатай үгүй нь үл мэдэгдэх мэдээллүүдийн дэргэд кофе уунгаа нухацтай гэгч нь сонин уншдаг хэсэг содон харагддаг. Учир нь мэдээлэлд анализ хийх, шүүж унших боловсрол, чадвартай хүмүүс л сонины жинхэнэ нөхөр байдаг хэмээн дэлхийн хэвлэлийн томоохон төлөөллүүд хүлээн зөвшөөрдөг юм. Сонины дугаар бүрд сэтгүүлчийн нягт нямбай хөдөлмөр гүн шингэж, тэр хэрээр уншигч илүү бодитой, баталгаат эх сурвалж бүхий даацтай мэдээлэл авч чаддагаараа цахим сүлжээг хол хаясаар л. Сонины энэ үнэ цэнийг дээр дурдсан сонины жинхэнэ уншигч, сонинд дурлагчид, мөн сонин бүтээдэг уран бүтээлчид мэднэ. Үнэн худал нь мэдэгдэхгүй олон  мэдээллийг шүүж дэлгэц ухахаас өмнө өөрийн уншдаг тогтмол хэвлэлийн нүүрүүдээс баримтуудаар баталгаажуулж, мэргэшсэн сэтгүүлчийн эрэл хайгуулаас бүтсэн томоохон нийтлэлийг унших нь илүү амар байдаг хэмээн сониныхоо байнгын уншигчдаасаа сонсох сайхан шүү. Монголд Сэтгүүл зүй анх үүсэхдээ /1913.03.06/ сониноор сууриа тавьж байсан. Өдгөө ч сонин байр сууриа алдаагүй яваа нь цаасан хэвлэлийн орон зай, түүний үр өгөөж, архивын түүх болон цаг хугацааны туршид мэдээллийг тийн хадгалсаар байдгийн ач холбогдлыг олон нийт мэддэг болсны илрэл буюу. Хойч үедээ түүхийн асар том архивыг цаасан дээр буулган үлдээгч сонины уран бүтээлчдээрээ бахархнам. Ялангуяа орон нутгийн хязгаарлагдмал зах зээлд АЙМГИЙН СОНИН хэмээх өвөрмөц онцлогтой, тоотой хэдхэн тогтмол хэвлэлийн галыг таслахгүй яваа хэдхэн луугар эрхлэгч нараа цагийн салхинд нугаршгүй баатруудтай адилтгадаг билээ. Цахим сүлжээ хэдийгээр сонирхолтой ч бидний амьд харилцааг үгүй хийж, найдвартай мэдээлэл мөн эсэхэд эргэлздэг бүлэг бий болсон нь энд бичээд байгаа  сонины уншигчдын талбар. Барууны орнуудад цахим сүлжээ манай улсаас илүү газар авсан ч сонины хэрэглэгчид, хэвлэгдэн гардаг тоо ширхэг нь буураагүй л. Аль ч үед амь бөхтэй оршдог сонины унших эрэлт буцаад сэргэж байгаа нь уламжлалт цаасан хэвлэлийн сайн үр дагавруудыг олон нийт нэхэж, хайж байна гэсэн үг. Энэ бол хүн  хоорондын шууд харилцааг бөхлөгч хүчтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл  болон оршсоор байхын бүрэн баталгаа билээ.

 

Цаасан хэвлэлийн үнэ цэн их

 

/Сэтгүүлч Б.Даариймаа/ 

-Өдөр тутмын сонины гал тогоонд 20 гаруй жил ажиллаж баяр хөөр, жаргал зовлонг мэдэрсэн хүний хувьд итгэлтэй ингэж хэлж болох байх. Үндэсний ууган хэвлэл “Үнэн” сонинд ахмад, дунд, залуу үеийн сэтгүүлч, уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, одоо ч сэтгүүл зүй хэмээх өндөр босготой өнөр хамт олны дунд үзгээ барьсан хэвээр яваа өөрийгөө хэмжээлшгүй их азтайд тооцож сууна. Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Жа.Пүрэв, Д.Батмөнх, Н.Бөхдамбий нарын алдартай хүмүүсээс сургаалын үнэн үг сонсож, өсөж өндийсөн учраас тэр сайхан хүмүүсээрээ үргэлж бахархаж явдаг. Нэгэн дурсамж сөхөхөд, сэтгүүлч Б.Баяртогтох эгчтэйгээ, Б.Нацагдорж ахтайгаа олон ч бүтээл бичиж, уралдаан тэмцээнд оролцон сониныхоо нэрийг өндөрт өргөж явсан сайхан дурсамж бидэнд бий. Б.Баяртогтох эгч маань гараас минь хөтлөөд л харилцдаг байгууллагуудаараа орж “Манай албаны залуу сэтгүүлчтэй танилц. Дараа ганцаараа ирэх байх шүү. Мэдээ сайн өгч байгаарай” гээд л дотно гэгч нь хэлж явдаг байж билээ. Ер цаг мөч бүхэнд сэтгүүлч бид нэгнээрээ бахархаж, сайхан үйлийг үргэлжлүүлэн ярьж явах хамгаас чухал гэдэг нь энэ сайхан хоёр хүний үлгэрлэлээс харагдаж байгаа юм. Мөн Жа.Пүрэв ах маань “Өдөр тутмын сониноор хүмүүжсэн хүн сэтгүүл зүйн байгууллагын хаана ч очсон гологдохгүй. Ясны сайн бүтээлч нэгэн байж чаддаг юм” гэж ирээд л өдөр тутмын сонины гал тогоогоороо цаг мөч бүхэнд л бахархдаг сан. Энэ ч үүднээс ажаад байхад өдөр тутмын сонины сэтгүүлч “За гэвэл ёогүй зантайгаас гадна цагийн юмыг цагт нь хийж сурсан. Хүн чанарын туйл, үнэний дуу хоолой болж чаддаг юм” гэдэгсэн. “Монголын үнэн” сонины эрхлэгч асан Б.Ганболд “Өдөр тутмын сонины гарт баригдах мэдрэмж хамгийн сайхан” гэж хэлсэн нь санаанаас огт гардаггүй юм. Анх сэтгүүлч болоод сонинд мартериалаа нийтлүүлэхэд ээж минь олон жил нандигнан хадгалж, хүн бүрд үзүүлэн, сэтгүүлч охиноороо бахархсан байдаг. Энэ бүх дурсамжийг эргэн сануулдаг сонины түүх гайхамшиг байгаа биз. Ялангуяа цаасан хэвлэл яг таг баримттайгаа он цагийн түүхийг сэтгэл дундуур өртөөлөн урсгаж чаддаг учраас бид бүхэнд яг л ижийн минь сэтгэл шиг нөмөр нөлөөлөг ихтэй санагддаг юм. Түүхийн шарласан хуудаснаа зурайх өдөр тутмын сонины үүх түүх дахин хэзээ ч давтагдахгүй гайхамшигт өв. Тэр тусмаа түүхийн эх сурвалжид хүндтэй байрыг цаг мөнхөд эзлэх сонины мэдээ мэдээлэл, сурвалжилга нийтлэл хэзээ ч худал байдаггүйгээрээ давуу талтай. Тийм л учраас цаасан хэвлэл, тэр дундаа өдөр тутмын сонины нэр хүнд өндөр байх нь ганцааргүй үнэн зүйлийн нэг. Одоо ч миний бие 100 гаруй жилийн түүхтэй “Монголын үнэн” сонины алтан шаргал хуудсыг сөхөөд түүхийн үнэн жимээр аялаж байна. Энэ бүхэн яг шив шинэхнээрээ байх нь сонины бас нэгэн гайхамшиг биш гэж үү.

 

Сонин соён гэгээрүүлэх үүргээ хэдэн зуун жилээр хадгалж ирсэн

 

/Сэтгүүлч Э.Алтанцэцэг/

Бидний үеийн хүмүүс сонин, шинэ талхны үнэрт мансуурдаг байсансан. Өглөөний цайндаа шинэхэн талх идэнгээ, сайхан үнэртэй сонингоо унших нэн таатай. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан. Өглөө бүр шинэхэн талхаа сонингийнхоо шинэхэн мэдээ мэдээллээр хачирлан шимтэн уншдаг байлаа. Шинээр өглөө бүхнийг эхлүүлдэг сонинтойгоо насаараа л найзалсан. Насны тэтгэвэрт гарсан ч сонин намайг орхилгүй хамт байсаар. Үнэнч уншигч нараа хэзээ мартдаггүй сонин үргэлж хаана ч хамт байдаг даа. Цахим ертөнц үүд хаалга тогшсоор байна. Гэсэн ч амьд мэдрэмжийг мэдрэх гэж сонинтойгоо хамт л байсаар. Хүн ер нь амьд байгаагаа мэдрэх гэж амьдардаг.

Сонин унших, үнэрийг нь үнэрлэх. Барьж мэдрэх. Бүхий л амьд мэдрэмжийг сонин өгч чаддаг. Сонин олон талын ач холбогдолтой. Тийм болохоороо сониноос хүн урт наслах олон олон жор арга ухааныг ч олж авч чадна. Сонин сонин сайхныг ч өгнө. Сонин соён гэгээрүүлэх үүргээ хэдэн зуун жилээр хадгалж ирсний ид шид ч үүнд оршдог билээ.

 

СОНИНЫ ГЭРЭЛ ЗУРАГ МӨНХИЙН БҮТЭЭЛ

 

/Фото сэтгүүлч Ө.Лхагвахорол/

Хэвлэлийн салбарт, тэр дундаа фото сэтгүүлчээр 45 жил ажиллаж байна. Өнөө цагт цаасан хэвлэлийг хүмүүс төдийлөн тоохгүй интернэт, гар утас, сайт гэх болж. Сэтгүүлчид ч дуртай үедээ цахим ертөнцөд өөрийн орон зайг эзлэн байршуулж  мэдээ мэдээллээ түгээх болсон байна. Цаг үеийн мэдээ, сурвалжилга уншиж  амжаагүй явтал дараагийн мэдээллүүд түрэн орж ирж олоход бэрхшээлтэй, хэд хоновол арилж  устчихсан байх юм.

Мэдээллээ  хурдан  шуурхай тараах сайн тал цахим сэтгүүл зүйд байдаг л байх.  Гэхдээ манай улсын хувьд тархай бутархай амьдардаг хөдөөгийн малчид, иргэдэд, төв газрынхан ч ялгаагүй сонин хэвлэлээ гараар барьж унших дуртай. Иймд орон нутгийн сонины редакциудыг төрөөс дэмжиж, хэвлэх үйлдвэр байгуулах, мөн шуудангийн үйлчилгээг сэргээж сайжруулмаар санагддаг.Улиран одох цаг хугацааг аргамжиж чаддаг хүмүүс бол фото сэтгүүлчид. Цаасан хэвлэл болсон сонин бол тухайн цаг үеийн нийгмийн толь,түүхийг байгаа байдлаар нь зураг, сурвалжилгатай нь хадгалж үлдээдэг. Хэдийгээр үүрэн телефоны үйлчилгээ сайжирч байгаа ч орон нутгийн телевизийн нэвтрүүлгийг иргэд бүрэн хүлээн авч чадахгүй хэвээр байгаа үед сонин хэвлэлийн үнэ цэн буураагүй гэж боддог.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яалт ч үгүй (66.181.185.77) 2024 оны 03 сарын 06

Сонин өчигдрийг\nСайт өнөөдрийг

0  |  0
Top