ФОТО | Газ тээврийн автомашин дэлбэрч, ойролцоох орон сууц галд өртлөө

2024 оны 01 сарын 24

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 24-ний өдрийн  01:07 цагт НОБГ-т цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийг 04:30 цагт бүрэн унтраажээ.

Дэлбэрэлтийн улмаас 30 автомашин галд өртөж, галын шугамд үүрэг гүйцэтгэж явсан НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 алба хаагч амь эрсэджээ.

ОБЕГ-аас албан ёсоор өгч буй мэдээллээр алба хаагчид шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашин, тус уулзварын зүүн урд талын “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830 дугаар байр тус тус гал түймэрт өртөж шатаж байсныг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 02:15 цагт тархалтыг зогсоон, 04:30 цагт бүрэн унтраажээ.

Мөн Цагдаа, Эмнэлэг, Улаанбаатар Төмөр зам, Ус сувгийн удирдах газрын нийт 600 гаруй алба хаагч голомтын бүсэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон гал унтраахад дэмжлэг үзүүлэн ажилласан байна.

Түүнчлэн гал түймрийн голомтын бүсэд Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайханаар ахлуулсан Шуурхай штаб ажиллаж, гал түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13 хороо “Күүпер” зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажиллагааг зохион байгууллаа.

Урьдчилсан байдлаар гал түймэрт 3 хүн амь насаа алдаж, түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд 1, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 30 автомашин шатсан байна.

Одоогоор ослын газрын замын хөдөлгөөнийг хааж, хамгаалалтад авсан бөгөөд албаныхан газар дээр нь үргэлжлүүлэн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top