Хөлбөмбөгийн сургалт өндөрлөж, Итали явах хүүхдүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Гэрэл зургийг Д.Амаржаргал

Монголын Хөлбөмбөгийн Холбоо Италийн Хөлбөмбөгийн зуны сургалттай хамтын ажиллагаанд хүрээнд хамтран ажиллаж байгаа билээ.

Шембри Маркогийн санаачилгаар 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн тус сургалтыг дэлхийн 30 гаруй улс оронд жил бүр зохион байгуулдаг юм.

БОАЖ-ын дэд сайд, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Ганбаатар санаачлан албан ёсоор хүсэлт тавьснаар энэ жилээс “ITALIAN SOCCER CAMP"-ийг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулж эхэллээ.

Энэ сургалтад оролцохоор 1200 хүүхэд бүртгүүлснээс 8-14 насны 120 хүүхдийг сонгон, Италийн алдартай багш дасгалжуулагчид 4-5 өдрийн сургалт явууллаа.

Өнөөдөр уг сургалтын хаалтын ажиллагаа Баянзүрх дүүргийн 15-ын хөлбөмбөгийн талбайд явагдаж, ирэх аравдугаар сард Италид болох олон улсын хөлбөмбөгийн баярт оролцох, гурван хүүхдийг сонгон шалгарууллаа.

Хүүхдүүд багш нартайгаа хуваагдан, тоглосон бөгөөд итали багш нар бичлэг, тоглолт үзэн, азтай гурван хүүхдийг шалгаруулжээ. Тэдэнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

Ч.Энхсүлд “Энэ олон хүүхдээс сонгогдсондоо их баяртай байна. Тэнцэнэ гэж огт бодоогүй байсан. Их гоё байна. Би Нанжид багш дээр хичээллэдэг. Итали багш нартай бэлтгэл хийхэд сайхан байлаа. Их зүйл сурлаа. Хэлийг нь мэдэхгүй жаахан хүндрэлтэй байлаа. Монголтой харьцуулахад дасгалууд нь арай хүнд байсан”

Д.Анхбаяр “Маш их баяртай байна. Цаашдаа улам хичээх болно. Хөлбөмбөгийн бэлтгэлээ сайн хийнэ. Италид гадаадын өөр олон хүүхдүүдтэй уулзаж, бас хөлбөмбөг тоглоно”

 

Тэнүүн “Итали багшаар хичээл заалгах гоё байсан. Нэлээд хүнд бэлтгэлүүд байсан. Олон хүүхэдтэй хамт хичээллэсэндээ баяртай байгаа”

Энэ үеэр 2022 оны хөлбөмбөгийн чөлөөт үзүүлбэрийн дэлхийн аварга Свонн Ритосса хүүхдүүдэд ур чадвараа толилууллаа.

Мөн Монголын эмэгтэй хүүхдийн багийн Эмүүжин, Номин гэсэн хоёр тамирчинд итали багш нар гарын бэлэг гардууллаа.

Хамгийн отгон оролцогч Мөнхнаран ч бэлэг авсан.

Италийн дасгалжуулагч нар “Энэ сургалтыг зохион байгуулахад оролцсон бүх хүнд баярлалаа. Монгол Улс бидэнд маш их таалагдлаа. Энэ гурван өдөр их сайхан өдөр байлаа. Өмнө Монголд ирж байснаас хүүхдүүдийн ур чадвар илт сайжирчээ. Сургалтад хамрагдсан бүх хүүхдэд диплом гардуулна. Итали, Монголын хамтын харилцаа улам хөгжөөрэй. Та бүхэн бол Монголын хөлбөмбөгийн ирээдүй шүү. Ирэх жил дахиад уулзана аа” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top